/2022.11.17/ Төрийн байгууллага данхгар байх нь иргэдийн нуруун дээрх ачаа л хүнддэхийн нэмэр.
Ганцхан жишээ.
"Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-нд байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар мянга гаруй ажилтантай тус компанийн “толгой нь хэтэрхий данхайжээ”. Учир нь мянга гаруй ажилтнаас 290 нь төв оффистоо ажилладаг байна.
Тус компанийн төв оффист 8 газар, 30 гаруй хэлтэс байх бөгөөд гурван хүн тутмын нэг нь “бараг дарга”. Төрийн хэмнэлтийн хууль яг энд л хэрэгжмээр санагдана.
Харин ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хувийн компани болох Энержи Ресурс компани мөн нийтдээ мянга гаруй ажилтантай. Гэвч төв оффист нь ердөө 70 гаруй хүн ажилладаг ажээ. Төв оффисынх нь хүмүүс бүгдээрээ нийлээд үү хэмээн гайхасхийн асуутал “Жолооч нартайгаа нийлвэл бараг 80 хүрэх байх шүү” гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Хувийн байгууллагынхны төв оффисын ажилчдаас Эрдэнэс Тавантолгойн төв оффисынхны тоо даруй 3 ДАХИН ИХ ажээ.
Төрийн байгууллага улам данхайж, хувийн байгууллага зах зээлийнхээ бодит орчныг мэдрэн ажилладгийн сонгодог жишээ энэ.
Сонирхуулахад, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат энэ өдрүүдэд тус компани дээр ажиллаж байгаа бөгөөд энэ мэт асуудлыг "онилсон байх" гэж найдаж байна.