/2022.11.15/ Төрийн хяналт, шалгалтын тухай хууль УИХ-аар батлагдсантай холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ажээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газрын хяналтын тогтолцоог хууль батлагдсанаар захиргааны байгууллагын оновчтой, үр бүтээлтэй байдалд нь хяналт тавих, бүтээмжийг нь дээшлүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж байна. Мөн төрийн албаны ёс зүй, сахилга батыг дээшлүүлж, олон нийтийн хүсэл шаардлагыг хангах боломжийг олгоно гэж харж байгаа. Олон нийтийг бухимдуулж буй шалтгааны эхний гуравт төрийн албаны ёс зүй, хариуцлага алдагдсан гэсэн асуудал багтдаг.
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл хамтран сүүлийн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл байдаг. Төслийн гол зорилго нь төрийн албыг хариуцлагатай, бүтээмжтэй, үр нөлөөтэй байлгах байсан. Үүний үр дүнд төрийн албаны ур чадвар, сайжруулалтыг тогтмол хийж байх шаардлагатай гэсэн дүгнэлт гарч ирсэн байдаг. Тиймээс цаашид төр иргэддээ гологддог биш, иргэдийнхээ итгэлийг даасан, үүрэг хариуцлагаа ухамсарласан, ур чадвар, мэдлэг, ёс зүй, хариуцлагатай болж шинэчлэгдэн төлөвших нөхцөл нь дээрх хуулиар бүрдэж байна гэсэн үг юм.
Төрөөс иргэн, ААН-д үзүүлж буй үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Ер нь хувийн хэвшилдээ гологддог төр байж болохгүй. Ур чадвар, мэдлэгийн хувьд хувийн хэвшилтэйгээ ижил хэмжээнд өрсөлдөх чадвартай төр, төрийн алба байх ёстой.
Дараагийн асуудал бол УИХ жилд маш олон хууль баталж гаргадаг. Үүнийг ард иргэд маш сайн мэддэг. Гэхдээ хуулийн хэрэгжилт төдийлөн хангалттай хэмжээнд байж чаддаггүй. Монгол Улс бол хуулийн дор үйл ажиллагаагаа явуулдаг иргэн төвтэй төр. Гэвч аль аль талаасаа хуулийг хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байна. Тиймээс цаашид УИХ-аас зохион байгуулж буй хуулийг сурталчлах ажил болон ЗГ-аас хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах шаардлагатай байна гэж үзэж байна. Засгийн газраас хуулиудын уялдаа холбоог хангах тал анхаарал хандуулж, зарим хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг өргөн барихаар төлөвлөж байна гэлээ.