/2022.11.14/: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхайг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав.
“Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж:
-Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байна. Улирлын томуугийн идэвхжил хоёр долоо хоногийн өмнөөс ихсэж, орны ачаалал нэмэгдсэн. Өнөөдөр ч идэвхжилийн зэрэг хэвээр байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт ковидын халдвар авсан иргэдийн тоо гурван оронтой тоонд орсон буюу хамгийн ихдээ 306 хүн бүртгэгдсэн. Ковидын халдвар нэмэгдэх хандлагатай байна. Омикроны шинэ хоёр хувилбар бүртгэгдсэн. Вакцинжуулалтын идэвх сул байна. Улирлын томуугийн вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст Өрхийн эрүүл мэндийн төв болон гэрээр нь хийж байгаа. Мөн дотор орчинд амны хаалт зүүж хэвших шаардлагатай байна гэлээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч дүүргийн удирдлагуудыг харьяа эмнэлгүүдээр орж, нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгов.
Эх сурвалж: НЗДТГ