/2022.11.14/ ЦЕГ, Монголбанк, Монголын Банкны холбооноос хамтран цахим залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Цахим гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй мэдээлэл өглөө. Тэрээр:
-Дөрвөн гэмт хэрэг тутмын нэг нь цахим залилангийн гэмт хэрэг байна. Манай улсад интернет хэрэглэгчдийн тоо 3,2 саяд хүрчээ. Мөн давхацсан тоогоор фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2,8 саяд хүрсэн байна. Бидний зүгээс иргэдийн цахим хэрэглээ өссөнтэй холбоотойгоор энэ төрлийн гэмт хэрэг өссөн гэж үзэж байгаа.
2022 оны эхний аравдугаар сарын байдлаар гэмт хэргээс шалтгаалж 818,7 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 799,3 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулаад байна. Харин цахим гэмт хэргийн тухайд 19 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Жилээс жилд хохирлын хэмжээ өсөж байна гэлээ.
Тиймээс иргэдийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгохгүй байх зорилгоор өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд "Unsend-бүү шилжүүл" аяныг эхлүүлж байгаа ажээ. Цахим гэмт хэргийн хохирогч нар нь ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байна. Түүнчлэн сүүлийн үед гэмт этгээдүүд хөдөө орон нутгийн иргэдийг чиглэж гэмт хэрэг үйлдэх төлөвтэй байна гэв.