Хүний бөөгнөрлөөс АМЬД ГАРАХ 10 АРГА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний бөөгнөрлөөс АМЬД ГАРАХ 10 АРГА

/2022.10.31/ Аливаа аюул осол, уй гашуу бүхий үр дагавар авчирсан бүхэн хойшдоо түүнийг давтуулахгүй байх сургамжийг үлдээж байх ёстой.

Манай mpress.mn сайт ланд200 автомашины ослын улмаас үүдсэн хохирлын талаар мэдээлж байсны зэрэгцээ, автомашины осол болвол юуг анхаарах талаар оруулсныг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Харин энэ удаад БНСУ, Сөүлд халловений баяртай холбоотой хүний бөөгнөрөл болсны улмаас 150 гаруй хүний амь нас эрсэдсэн аймшигт осолтой холбоотойгоор дараах зөвлөмжийг оруулж байна.

Хүний бөөгнөрөл аюул дагуулсан тохиолдол цөөнгүй. 2010 оны долоодугаар сарын 24-нд Германд болсон Хайрын парадын үеэр олон мянган хүний урсгал нарийхан тунелийг чиглэжээ. Тэнд гацаж бөөгнөрсөн хүмүүсээс 21 нь амь үрэгдэж, 651 хүн бэртэж гэмтсэн юм. Тэднийг амиа алдаж, тусламж эрэн орилж байхад баярын парадын чанга хөгжим нүрэглэж байжээ.

Дэлхий дахинаа 1990 оноос хойш хүмүүсийн бөөгнөрлийн улмаас амиа алдагсдын тоо жил бүр өссөөр байна. Жилд дунджаар 380 гаруй хүн энэ шалтгаанаар амиа алдаж байна.

2021 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Тексас, Хьюстонд 8 хүн амиа алдаж, олон зуун хүн гэмтэж бэртсэн юм. Энэ нь мөн л нэгэн фестивалийн үеэр болсон юм. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сард Израйлийн Меронд шашны фестивалийн үеэр 45 хүн бөөгнөрлийн улмаас амиа алдсан билээ.

Хамгийн олон хүн амиа алдсан шашны фестиваль 2015 оны есдүгээр сард болж байлаа. Саудын Арабт болсон шашны баярын үеэр 2500 хүн амиа алдсан бөгөөд үүнийг "Бурхны хүсэл" хэмээн тайлбарлаж байсан юм.

Ер нь хүмүүсийн бөөгнөрөл: шашны арга хэмжээ, фестиваль, спортын тоглолтын үеэр хамгийн их болдог. Тэгвэл ийм бөөгнөрлийн нэг хэсэг болчихвол түүнээс хэрхэн амь аврагдах вэ? The conversation сайт дээр гарсан дараах зөвлөмжийг хүргэж байна.

1.Орчин тойрноо САЙН ХАР. Юун түрүүнд тайван бай. Тэгээд орчин тойрноо сайн хар. Урагшаа, хойшоо гарах боломж байна уу? Яг аль хэсэгт хүмүүс хамгийн их овоорон бөөгнөрч байгааг харахыг хичээ. Тэгээд тэр бөөгнөрлөөс зугт. Гараараа татаад гарч болох газар байна уу, сайн хар.

2.Боломж гарангуут ЗУГТ. Хүмүүс бөөгнөрөх тусам таны амьсгалах агаар багасч, хөдөлж ч чадахгүйд хүрнэ. Тиймээс багахан л боломж гарвал зугт. Хэрэв та зугтаж чадвал, бусад хүмүүст ч тийм боломж гарна гэсэн үг.

3.ХӨЛ АЛДАХААС сэрэмжил. Хэрэв нэгэнт зугтаж чадахааргүй болсон бол аль болох босоо байрлалд бай. Өрөөстэй даалуу ар араасаа хэрхэн унадгийг санаж байгаа биз? Бөөгнөрсөн хүмүүс яг тийм зарчмаар "ажиллаж" нэг нь унахад нөгөөдүүл нь ар араасаа түрэн унацгаадаг. Унавал ямар аймшигтай зүйл болохыг төсөөлж, аль болох хөл дээрээ босоо байхыг хичээгээрэй.

4.Амьсгалаа ХЭМНЭ. Хэт их бөөгнөрөл дунд хүчилтөрөгч танд хамгийн их хэрэгцээтэй. Бөөгнөрлийн улмаас амиа алдагсдын дийлэнх нь хүчилтөрөгчийн дутагдлаас болж үхдэг. Орилж хашгичих гэх хэрэггүй. Харин тайван байж, амьсгалаа зөв хуваарилахыг хичээнэ.

5.Гараа ЦЭЭЖНИЙ ойролцоо байрлуул. Яг боксчин өрөлт авч буй мэт гараа цээжнийхээ урд байрлуул. Ингэснээр хавирганы хэсгээ хамгаалж, уушги, цээжиндээ амьсгалах боломж гаргана.

6.Урсгалыг ДАГА. Хүмүүс бөөгнөрснөөр хүн өөрийн эрхгүй бусдыг түлхэх рефлекс үзүүлдэг байна. Гэхдээ энэ нь бөөгнөрөл дунд дарагдсан танд хүчийг тань тарамдуулахаас өөр ашиггүй. Тиймээс хэрэгтэй үед нь гаргахын тулд хүчээ гамнаж, урсгалыг даган хөвөөрэй.

7.Хана зэргээс ХОЛД. Гэхдээ дээрх зөвлөмжийг дагахгүй байх нэг тохиолдол бий. Тэр бол хэрэв та хана, хашаа зэрэгтэй хамт шахалцахаар бол түүнээс аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Өмнөх бөөгнөрлүүдийн үеэр амь насаа алдсан олон хүмүүс хана, хашаа зэрэг объектод шахуулсны улмаас өөд болсон байдаг.

8.Орчноо ҮНЭЛ. Орчин тойрноо хар. Хэрэв таны орчин тойронд байгаа 3-4 хүнтэй та шахцалдахгүй хэвийн зогсож байгаа бол ОК. 2-3 хүнтэй яг шууд бие чинь хүрэлцэхгүй ч ойролцоо зогсож байгаа бол ОК, гэхдээ аюул ойрхон байна. Харин та хүмүүстэй шахцалдсаны улмаас гараа хөдөлгөж чадахгүйд хүрсэн бол энэ бол аюулд оржээ гэсэн үг.

9.БҮҮ бачимд. Хүмүүс бөөгнөрч эхлэнгүүт зарим нь бачимдаж сандарч эхэлдэг. Гэнэт сандран бусад хүмүүсийг "уруу татах" нь таны төсөөлснөөс аюултай зүйл рүү хөтөлж болзошгүй. Тиймээс сандарч бачимдалгүйгээр бөөгнөрсөн хүмүүсээс алгуурхан холд.

10.Бусдад ТУСАЛ. Та аюултай нөхцөл байдалд орсон гэдэг нь таны ойр тойрны хүмүүс ч аюултай нөхцөлд орсон гэсэн үг. Сэтгэл судлаач Жон Драригийн өгүүлснээр харилцан туслалцах нь аюултай нөхцөл байдлаас гарах түлхүүр гэжээ. Тиймээс ойролцоо байгаа хүмүүстээ чадлынхаа хэрээр тусал. Ялангуяа сул дорой хүмүүс, хөгшчүүд, хүүхдүүдэд тусалвал, танд ч бас тусламж ирэх нь зайлшгүй.

“Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь“ сэдэвт сургалт боллоо
“Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь“ сэдэвт сургалт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.