/2025.9.10/ Өмнийн говийнхон Оорцог, Онч хараат, Цанхи, Бор толгой, Ухаа худаг гэж тавантолгойг нэрлэж ирсэн түүхтэй. Энэ тавантолгой болон маргаан дагуулсан Ухаа худгийн талаарх түүхэн бодит үнэнийг он цагийн дарааллаар өгүүлье.
1950-1990 он: ЗХУ болон монголын шилдэг геологич эрдэмтэд тавантолгойд 20 гаруй удаа иж бүрэн хайгуулын судалгаа хийж, ойролцоогоор 6 тэрбум орчим тонн нүүрснийнөөцтэйг илрүүлсэн байна. Ингээд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хуралдаанд Монголын талаас хамтарч ашиглах түнш хайж байгаагаа удаа дараа мэдэгдсэн ч бүгд татгалзсан хариу өгчээ. Энэ зөвлөлд ЗХУ, Болгар, Унгр, Польш зэрэг орнууд ордог байв.
1998 он: Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хүчирхэг корпораци BHP Billiton Тавантолгойн лицензийг эзэмших эрхийг авлаа. Гэвч монголын говь дэд бүтэцгүй, дэлхийн зах зээлд нүүрсний үнэ хямд байсан тул ашиг олох боломжгүй гэж үзээд, лицензээ АМХЭГ-т буцаан өгчээ. Жил орчмын хугацаанд энэ лицензийг дурьдсан шалтгаанаар хэн ч сонирхсонгүй.
1999 он: Тавантолгойн ордын лицензийг дэлхийн зах зээл сонирхсонгүй. Харин “Майн инфо” компанийн захирал Д.Батсайхан сонирхож, авчээ. Тэрбээр “Үндэсний эрх гэдэг сонин дээр Тавантолгойн лицензийн талаарх мэдээлэл орсон байхаар нь үзээд алдъя гэж бодоод л баримтыг нь бүрдүүлээд очсон. Ер хүндрэл учраагүй авчихсан. Тухайн үед тэр лицензийг хэн ч сонирхдоггүй байсан тул авахын тулд сайд дарга нартай ярих ямар ч шаардлага байгаагүй” гэж тв-ээр ярьсан нь хадгалагдан үлджээ. Ингээд Тавантолгойн лицензийг авсан ч өмнө дурьдсанчлан ямар ч дэд бүтэцгүй, төмөр зам бүү хэл авто зам ч байгаагүй тул ямар нэгэн үйл ажиллагаа явуулсангүй.
2005 он: Лиценз эзэмшигч дотоодын аж ахуйн нэгжүүдэд орд гзарыг хөгжүүлэх хөрөнгө мөнгө шаардлагатай байсан тул Энержи Ресурс компанийг байгуулж, MCS, Петровис, Моннис, Шунхлай, Алтай трейдинг зэрэг үндэсний компаниудад хандсан байдаг. Тухайн үед нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж эхэлсэн тул БНХАУ-ын компаниуд хөрөнгө оруулах хүсэлтийг илгээсэн ч үндэсний компаниудын нэгдэл лицензээ худалдах, шилжүүлэхгүйгээр эх орондоо авч үлдсэн байна. Тухайн үед Засгийн газрыг тэргүүлж асан С.Баяр “Үндэсний компаниуд нэгдэн Тавантолгойн бүлэг ордын лицензийг гадны компаниудад өгөлгүй найдвартай хадгалж, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийн ТЭЗҮ-г боловсруулсаар иржээ. Ард түмний баялгийг алдалгүй, үрэн таран хийлгүй, харийнханд ашигтай улсдаа хохиролтой байдлаар зарж үрэлгүй өдий хүрсэн Энержи Ресурс консерциумын үндэсний компаниудад ард түмэн ч, монголын төр ч талархах нь зүй ёсных” хэмээн чуулганы индэр дээрээс хэлсэн байдаг.
2006 он: УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг баталж, стратегийн орд гэх тодорхойлолтыг анх бий болгосон юм. Энэ тодорхойлолтоор “Төсвийн хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон орд газрыг төр хамтран ашиглах тохиолдолд төр 50% хүртэл эзэмшиж, оролцох эрхтэй” хэмээн заажээ. Ингээд Тавантолгойн бүлэг орд нь стратегийн орд газарт хамрагдах болсноор үндэсний компаниудын лицензийг төр авах талаар яригдаж эхлэв.
2007 он: Энержи Ресурс консерциум болон Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард суужээ. Хувийн хэвшлийнхэн хуулийн заалтыг баримтлан “Төр 50% хүртэл эзэмш, хамтарч ажиллая” гэдэг санал тавьж. Харин Засгийн газрын төлөөлөгчид өөр бодолтой байв. Хэлэлцээрийн төгсгөлд Тавантолгойн бүлэг ордын 96%-ийг төр эзэмшихээр болж, харин Энержи Ресурс консерциум нийт ордын талбайн 4%, нийт нөөцийн 6% орчим буюу Ухаа худгийн хэсгийн лицензийг эзэмших гэрээ байгуулжээ. Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулсан, тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд асан Х.Наранхүү “Өнөөдөр эргээд харахад төр 96 хувийг нь авахаар болсон нь дажгүй наймаа болжээ. Нөгөө талаар хувийн хэвшил уул уурхайн салбарт хөгжих ёстой учир 4 хувийг эзэмших эрхтэй болсон” гэсэн юм. Хуулиараа зүтгэсэн бол Энержи Ресурс 50 хувийг нь эзэмшиж болох байсан ч төр 96 хувийг нь эзэмших гэрээ хийгдсэн юм.
2008 он: Монголын төр стратегийн ач холбогдолтой 13 орд газрынхаа нэгийг ийнхүү үндэсний компаниудаас харилцан ойлголцлоор төрд шилжүүлэн авсан гэрээ байгуулагдлаа. Тавантолгойн бүлэг ордын нөөцийн 93 хувийг гэрээгээр эзэмших болсон Эрдэнэс тавантолгой компани энэ цагаас эхлэн олон улсын хөрөнгийн бирж дээр хэрхэн гарах талаар төлөвлөгөө боловсруулж, ярьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл хийгдсэн алхам үгүй.
2009-2015 он: Энержи Ресурс компани Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мгВт-ын цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хатуу хучилттай авто зам, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль-цэцэрлэгийн цогцолбор байгуулаад байна. Өнөөдөр ч Ухаа худагийн уурхай нь нүүрсийг дотооддоо угааж, баяжуулан, өртөг шингээж экспортолж буй, Монголын гол аж ахуйн нэгж хэвээр байна. Баяжуулсан нүүрс экспортлогч гэдэг утгаараа Энержи Ресурс, Ухаа худагийн нүүрсний үнэ цэнэ, зах зээлийн үнэлгээ харьцангуй өндөр байдаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.