/2022.10.21/ Аравдугаар сарын 10-ны өдөр ланд 200 маркын автомашин долоон машин, хоёр хүүхдийг дайрсан гэмт хэрэг өдүүлсэн.
Энэ ослын талаар элдэв зүйл яригдах ч, эрүүл мэндээрээ хохирсон 12 настай хүүхдийн хувьд нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тухайн хүүхдийг 20 метр газар нидрэн чирсэн ч, "Хөнгөн гэмтэлтэй" хэмээн мэргэжлийнхэн дүгнэж буй юм.
Юутай ч, энэ ослоос бид юу суралцаж болох вэ гэдэг талаар бичье. Энэ зөвлөмжийг жилд 6 сая гаруй авто осол бүртгэгддэг АНУ-ын нэгэн мэдээллийн сайтаас авч орчууллаа. Мөн дээр дурьдсан ослын үеэр ажигласан зарим санаагаа нэмэрлэсэн болно. Үүнийг та өөрийн хүүхдүүддээ заавал уншиж өгөөрэй.
1.ЗУГТ, НУУГД. Хэрэв та ослын гэрч болж буй бол энэ маш чухал. Таны харааны тойрогт буюу харж чадаж буй нөхцөлд ямар нэгэн осол аваар гарч байгаа бол та түүнийг сонирхон харж зогсох шаардлагагүй. Харин тухайн осол таныг чиглэж болзошгүйг нэн даруй бодолцож, өөрийн аюулгүй байдлаа хамгаалах нь таны хийх хамгийн чухал зүйл юм. Та тухайн ослыг харж чадаж байна гэдэг, өөрийгөө хамгаалах боломж байна гэсэн үг. Тиймээс орчин нөхцлөө яаравчлан дүгнээд, таныг хамгаалж болох газрыг олж, нуугдаарай.
2.ОСЛЫН ГАЗРЫГ ОРХИЖ БОЛОХГҮЙ. Хэрвээ та осол болсон тухайн автомашинд зорчигчоор явж байсан бол ослын газрыг орхиж явах гэж бүү яараарай.
3.ЦАГДАА ДУУД. Нөхцөл байдал ямар ч байсан цагдаа руу яаралтай залгана. Даатгал, эмнэлэг зэрэгт танд мэргэжлийн дүгнэлт хэрэг болох тул цагдаа ослын газар очих ёстой. Цагдааг ирэхэд өөрийн чадах бүхнээр болсон ослын талаар үнэн зөв мэдээллийг өгнө. Харин цагдаа таны биеийг асууж, ямар нэгэн газар өвдөж зовуурилаж байгаа эсэхийг асуувал "Зүгээр байна" гэж хариулахаа азнаарай. Учир нь ослын гэмтэл нь хэдэн цаг, хэдэн сарын дараа ч илэрч болох юм. Зөвхөн өөрийн төдийгүй, осолд өртсөн бусад хүний мэдүүлэг үнэн зөв эсэхийг шалгаарай.
4.БИЧЛЭГ ХИЙЖ, ЗУРАГ АВ. Осол болсон орчны зургийг авч, бичлэг хийгээрэй. Энэ нь танд маш их хэрэг болно. Осол болсон автомашины эвдэрч хэмхэрсэн газар бүрийн зураг, бичлэгийг хийнэ. Мөн мэдээж өөрийн нүдэнд харагдахуйц гэмтсэн хэсгийнхээ зураг бичлэгийг заавал хийнэ. Хэрэв осол болсон тухайн үед та бичлэг хийж, зураг авах боломжгүй байсан бол дараа нь аль болох хурдан бичлэг, зургийг хийж аваарай.
5.МЭДЭЭЛЛИЙГ АВ. Цагдаа очоод мэдээлэл авна. Гэхдээ та ч бас мэдээлэл аваарай. Тухайн осолд өртсөн, зорчиж явсан хүмүүсийн нэр, утасны дугаарыг тэмдэглэж аваарай. Ослыг харсан гэрчүүд байвал тэдний мэдээллийг ч мөн тэмдэглэн ав. Эдгээр мэдээлэл танд хожим хэрэг болно.
6.ЗАРЦУУЛСАН ТӨЛБӨРИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАДГАЛ. Осол болсны дараа та эмнэлэгийн байгууллагат очиж туслалцаа авах нь зүй. Тэр үедээ зарцуулсан мөнгөний баримтуудаа том, жижиг гэлтгүй бүгдийг нь цуглуулж, хадгалаарай.
7.ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВ. Ослын гэмтэл тэр даруйдаа илрэхгүй байх магадлал маш их. Тиймээс цагдаа, эмч таны биеийг асуувал "Зүгээр байна" гэж хариулахаа азна гэж хэлсэн шүү дээ. Түүнийхээ оронд мэргэжлийн байгууллагат очиж үзүүлж, зөвлөгөө авна. Та гаднаа ил шархгүй ч толгой чинь дайвалзаж, эргэж, дотор чинь муухай оргиж байвал тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй. Тиймээс энэ мэт зовуурийг бага гэлтгүй хэлж, шаардлагатай оношилгоонд ороорой.
8.МЭДЭЭЛЛҮҮДЭЭ ХАДГАЛ. Осолтой холбоотой бүх файлуудаа нэг дор хадгалаарай. Үүнд, анх ослын газар очсон цагдаагийн нэр, албаны болон утасны дугаар, осолд хамааралтай бүх хүний нэр, утасны дугаар, гэрчүүдийн нэр утасны дугаар, эмнэлэгийн баримтууд, эхэлж үзсэн эмчийн нэр, яаралтай тусламжаар очсон эмчийн нэр гэх зэрэг нь багтана. Мөн авсан зургууд, видеонууд орно.
9.ӨӨРИЙН ЭРХЭЭ ХАМГААЛ. Хуулийн зөвлөгөө авч, өмгөөлөгч хөлслөх нь таныг эрхээ хамгаалахад тус болно. Мөн өөрийн хувийн мэдээллээ хэрхэн хамгаалуулах, ямар тохиолдолд таны ямар мэдээлэл олон нийтэд түгэв, түүний эсрэг хэнийг буруутнаар дуудаж, хэрхэн шүүхэд хандах боломжтой байх вэ зэргийг уншиж судлаарай.
10.БЭЛТГЭЛТЭЙ БАЙ. Эцэст нь хэлэхэд зам дээр ямар ч нөхцөл байдал үүсэж болзошгүй тул утасныхаа цэнэгийг байнга бэлтгэлтэй байлгаарай. Гэхдээ энэ нь машин жолоодож байхдаа утсаа үзэж болно гэсэн үг биш гэдгийг хатуу анхаарна уу.