/2025.07.30/
УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дахь улирлын тоглолт 2025 оны есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Orchertra Night-III” тоглолтоор нээхээр болжээ. Монголын үзэгчдэд зориулж тоглолтыг гадны нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран УДБЭТ-ын тайзнаа зохион байгуулна. Түүнчлэн дуурийн нээлтийг Монголын түүхэн дуурь болох Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн цомнол “Гүн Гэрийн гүнж” дууриар нээхээр болжээ. Харин балетын нээлтийг ирэх аравдугаар сарын 10-12-ны өдөр П.И.Чайковскийн “Хунт нуур” балетаар тус тус хийхээр төлөвлөж байгаа мэдэгдлээ.
Улирлын нээлтийн "Orchestra Night-III" тоглолтыг есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах бөгөөд УДБЭТ-ын хөгжимчид Францын хөгжмийн бүтээлүүдээс эгшиглүүлнэ.
Дараа өдөр нь Итали улсаас уригдаж ирсэн уран бүтээлчид болох хийлч, төгөлдөр хуурч нартай хамтран Монгол, Италийн хөгжмийн бүтээлүүдээс тоглох юм байна.
Дуурийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Ц.Нацагдоржийн 75 насны ойг тохиолдуулан "Гүн гэрийн гүнж" дуурийг сонгон үзэгчдэдээ толилуулж буй. Мөн тоглолтын улирлын хугацаанд үндэсний хоёр дуурь тоглохоор бэлтгэж байгаагийн нэг нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Б.Шаравын "Чингис хаан" дуурь юм.
УДБЭТ-ын уран бүтээлийн 63 дах улирлын нэг онцлог нь П.И.Чайковскийн "Хунт нуур" бүжгэн жүжгийг Монголын тайзнаа тавьсны 50 жилийн ой тохиож байна.
Тус улирлын хугацаанд "Хунт нуур" балет мөн П.И. Чайковскийн "Цөмөөхэй", А.Аданы "Жизель" балетыг тус тус тоглоно. Улирлын эхний дөрвөн сарын тоглолтоо анх удаа 2025 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нээж, үзэгчдэдээ хөнгөлөлтэй тасалбарын багцыг урьдчилан худалдан авах боломжийг нээсэн байна. Үүнээс гадна ирэх саруудын тоглолтуудын тасалбарыг мөн адил наймдугаар сарын 01-ний эхлэн "www.Ticket.mn", театрын кассаар зарагдаж эхлэх аж.
Хэрэв та бүхэн наймдугаар сардаа багтаан тоглолтуудаа сонгон худалдан авалт хийвэл, хөнгөлөлтэй үнээр авах боломжийг УДБЭТ-ын зүгээс олгохоор болжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.