Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй.
 

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй.

|2025.08.11|

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн хувьд Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж, үйл ажиллагаанд цаашид баримтлах зарчим, яаралтай авч хэрэгжүүлэх ажлууд, хууль эрх зүйн хүрээнд тусгах асуудлуудыг чиглэл болголоо.

Монгол улсын Хөгжлийн банк олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын үнэт цаас арилжаалж санхүүжилт босгосон, засгийн газрын тогтоолоор өөрийн хөрөнгийг 1,5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн, нийт зээлийн активын 55,9 хувь буюу 891,9 тэрбум төгрөг чанаргүй зээлийн ангилалд хамаарч байгаа зэрэг үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Алдагдсан боломж, чанаргүй зээлийн төлөлттэй зэрэгцээд хөрөнгө оруулагч, түншүүдийн итгэлийг эргэн сэргээх чухал байгааг Тэргүүн шадар сайд Н.Учрал дурдаад Хөгжлийн банкыг цаашид хууль эрх зүйн хүрээнд “айх айдасгүй” ажиллах боломжийг хангана гэж онцлон дараах чиглэлийг өглөө.

Үүнд:

- Өнгөрсөн 13 жилийн хугацаанд, Хөгжлийн банкны хууль 2 удаа, ТУЗ 11 удаа, гүйцэтгэх удирдлага 8 удаа, бүтэц 10 удаа өөрчлөгдсөн нь засаглал тогтворгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах боломжгүйг харуулж байна.

Иймд, үр дүнтэй ажиллах боломж бүрдүүлсэн оновчтой бүтэц бий болгох, үндсэн үйл ажиллагаатай уялдах “front office” болон “back office” буюу дэмжих бүтцийн харьцааг зохистой болгох, удирдлагын бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагуудын оролцоог хангаж засаглалыг сайжруулах;

- Яамдын хэмжээнд төлөвлөгдсөн нийт 149 төслийг эрэмбэлэхтэй холбогдуулж санхүүжүүлэх төслийн шийдвэрүүдээ гаргах, ингэхдээ Евроазийн гишүүн орнуудтай байгуулах эдийн засгийн түр хэлэлцээр, БНСУ-тай байгуулах худалдааны хэлэлцээрийн хүрээнд импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих;

- Эдийн засаг агшиж байгаа үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх;

- Төсөл сонгон шалгаруулалтыг ил тод болгох;

- Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах болон Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх боломжтой төслүүдийн нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг нарийн тооцоонд тулгуурлан гаргаж, эх үүсвэрийг тодорхойлон энэ оны 08 дугаар сард багтаан танилцуулах, зэрэг үүрэг чиглэл өглөө.

Түүнээс гадна худалдааны тэнцэлд Хөгжлийн банк эерэг өөрчлөлт гаргах ёстойг онцлоод шинэ ажлын байр, шинэ эдийн засаг бий болгож байгаа төслүүдийг дэмжих, арилжааны банкуудын адил өндөр өгөөжийн хойноос хөөцөлддөг биш, өндөр эрсдэлтэй зээлүүдийг санхүүжүүлэх ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ.

Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвд үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.