/2021.8.24/ Нэг гэр бүлийн хоёр хүн зочид буудалд амиа алдсан гэдэг мэдээлэл өнөөдөр хэвлэл мэдээллээр гарсны дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрээр:
-Өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны өдрийн, 17.30 цагийн үед БЗД-т орших зочид буудлын ариун цэврийн өрөөнд иргэд амиа хорлосон гэх дуудлага ирсэн. Цагдаагийнхныг очиход 30-32 насны М, Б нар боомилсон байдалтайгаар амь насаа алдсан байсан.
Нэг гэр бүлийн хоёр хүн байсан бөгөөд тухайн буудалд хэд хоносон, архидан согтуурсан зүйлгүй. Камерын бичлэгийг шалгахад гаднаас хөдөлгөөн байхгүй. Хохирогчдын үхлийн шалтгааныг задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болгоно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр элдэв таамгууд тавигдсан байна. Хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг шалгасны дараа тодорхой болгоно. Тиймээс урьдчилсан байдлаар элдэв таамаг хийхгүй байхыг хүсэж байна. Өр зээлийн тухайд урьдчилан байдлаар яригдаж байгаа боловч, эцсийн байдлаар тодорхойгүй байна. Гэр бүлийн хоёр хүн үр хүүхдүүдээ үлдээгээд амиа хорлоно гэдэг нь нэлээд хүнд асуудал байгаа байх. Тиймээс энэ дээр хэвлэл мэдээллийнхэн та бүхэн анхаарч ажиллах хэрэгтэй.
Гурван хүүхдийнх нь хувьд асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгсөн байгаа хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.