/2022.10.25/: БХБ-ын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хөшигийн хөндийд байгуулах "Шинэ Зуунмод" хотын төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн ажлын талаар танилцуулж, мэдээлэл технологийн парктай смарт хот болгон хөгжүүлэх чиглэлд анхнаас нь дэд бүтцийн сууриа бэлдэж байгаа энэ цаг үеэс хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой болохыг Барилга, хот байгуулалтын сайд тэмдэглэж байлаа.
Газрын доорх дэд бүтцийн сууриа нарийн төлөвлөлттэй, зөв тавьж байж, газрын дээрх ертөнц бий болно, гэхдээ шинэ дагуул хотуудыг хүн амьдрах бүрэн боломжтойгоор буюу ажлын байртай нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын үйлчилгээтэй нь бүгдийг цогцоор төлөвлөж бүтээх ёстой гэдгийг сайд Б.Мөнхбаатар онцоллоо.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тус асуудлаар санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, харилцаа холбооны суурь дэд бүтцийг байгуулахад хамтран ажиллахад бэлэн, мөн Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих "Залуус-1" орон сууцын хорооллын бүсэд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах боломжтой хэмээн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.
Сайд Н.Учрал мөн хаягжилтын асуудлыг хамтраад шийдэх хүсэлтэй байгаа тул БХБЯ-ны хаягжилтийн чиглэлээр хийсэн ажлуудын талаар мэдээлэл сонсохыг хүслээ.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай хаягжилт өнөөдрийг хүртэл стандартгүй явж ирсэн асуудлыг шийдэж, нэгдсэн стандартад оруулж, газар болгон хаягтай болж, цахим системд оруулан ажиллаж байгаа мэдээллийг өгөв.
Хаягжилтын асуудлыг шийдэх зорилгоор мөн хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Энэ асуудлыг төр захиргааны төв байгууллага хооронд ярихаас илүүтэй хаягжилтын стандартгүй, ертөнцийн зүгээр ярьдаг бэрхшээлийг шийдэхийн тулд асуудлыг хамгийн ихээр мэдэрч ажиллаж байгаа байршил заагч, шуудан, такси болон бараа хүргэлтийн компани гэх мэт хувийн хэвшлийн төлөөллүүдийн байр суурийг сонсож, оновчтой хувилбарыг гаргах нь зүйтэй гэх саналыг сайд Б.Мөнхбаатар дэвшүүллээ. Ингээд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгүүдийг ойрын хугацаанд зохион байгуулахаар талууд тогтлоо.
Эх сурвалж: БХБЯ