/2022.10.25/: Миссури мужийн Сент-Луис хотын нэгэн ахлах сургуульд буудалцаан болсны улмаас гурван хүн, түүний дотор сэжигтэн амиа алдаж, долоон хүн шархаджээ.
Зэвсэгт этгээд даваа гарагийн орон нутгийн цагаар 09:00 цагийн үед Төв дүрслэх урлагийн дунд сургуульд оржээ.
Сургуулийн байрны хаалга цоожтой байсан бөгөөд сэжигтэн хэрхэн нэвтэрсэн нь тодорхойгүй байна.
Гэмт этгээдийн зэвсэг халдлагын үеэр гацсанаар олон хүний амь насыг аварсан гэж гэрчүүд хэлэв.
Сэжигтэн нь 19 настай, оюутан байсан бөгөөд цагдаа нартай буудалцаж, улмаар шархаа даалгүй амиа алдсан байна.
Түүний 400 орчим сурагчтай сургуульд ямар зорилгоор халдлага үйлдсэн нь тодорхойгүй байна.
Өсвөр насны охин сургууль дотор амиа алдсан бол нэг эмэгтэй эмнэлэгт нас барсан гэж цагдаа нар орон нутгийн хэвлэлд мэдээлэв.
Шархадсан хүүхдүүд амь наснаас холуур бэртэл авсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Оюутнууд сургуулиас гараад гүйж байх үед цагдаа нар ирсэн бөгөөд халдлага үйлдэгчийг "урт буутай байсан" гэж хотын цагдаагийн комиссар Майкл Сак мэдэгдэв.
Түүний хэлснээр хэрэг гарах үед сургуулийн хамгаалалтын ажилтнууд шуурхай ажиллаж, бусад ажилтнуудад мэдэгдэж, цагдаад хандсан байна.
Зэвсэгт этгээд арав гаруй өндөр хүчин чадалтай дайз бүхий хэдэн зуун сум авч явсан нь тогтоогдсон бөгөөд "Эртхэн зогсоогоогүй бол үүнээс ч дор байдалд орж болох байсан" гэж нэмж хэлэв.
16 настай Таня Голстон "St Louis Post-Dispatch" сонинд буутай этгээд түүний ангид орж ирээд түүнийг буудахыг завдсан гэж мэдэгджээ.
"Би гүйх гэж оролдоод гүйж чадаагүй. Тэрхэн зуур бид хоёр харц тулгарсан. Яг тэр үед түүний буу гацсан болохоор би амьд гарч чадсан" гэж Таня хэлжээ.
Мөн тэрээр "Би энэ хараал идсэн сургуулиас залхаж байна" гэж халдлага үйлдэгчийг хэлж байхыг сонссон гэжээ.
Цагдаа нар буутай этгээдийг өнгөрсөн жил сургуулиа төгссөн бөгөөд гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС