/2022.10.18/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп” хотхоны хойд замд энэ сарын 10-ны орой Toyota Landcruiser-200 маркийн автомашины жолооч ноцтой осол гаргасан байдаг.
Тодруулбал, Тус автомашин замын эсрэг урсгалд орж нийт долоон автомашиныг мөргөн, улмаар замаас гарч явган хүний замаар зорчиж байсан 12 настай хоёр хүүхдийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Одоогоор хохирогч охидын нэг болох "С" нь ГССҮТ-ийн Хүүхдийн клиникт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний хөлийг тайрахаас аргагүй болсон тул БНСУ-руу эмчилгээнд явахаар болсон талаар мэдээлсэн. Харин ГССҮТ болон ЦЕГ-аас энэхүү мэдээллийг няцааж, худал хэмээн тайлбар өгчээ. Тэгвэл энэхүү осол иргэдийн бухимдлыг төрүүлж, олон нийтийн сүлжээгээр маргаан дагуулаад байна.
Тиймээс үүнтэй холбоотойгоор ослын газарт очиж мэдээлэл бэлтгэлээ.
Охиныг хананд хавчуулж, чирсэний улмаас үлдсэн ул мөрийг хэмжиж үзэхэд 20 орчим метр байсан юм. Мөн биднийг очиход бетон хананы шавар нурж, газарт унасан байдалтай байв. Үүнээс цааш 10 гаруй метр явахад "Landcruiser" автомашины тос асгарч зам дээр толбо үүсжээ.
Осолтой холбоотойгоор хохирогч охины ээж хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Шүүх шинжилгээний хариу хөнгөн гэж гарсан" гэжээ. Өөрөөр хэлбэл гуянд бага зэрэг зулгаралт үүссэн гэсэн байна. Гэвч 2 тонн жинтэй автомашин 12 настай хүүхдийг 20 орчим метр газарт нидрэн чирсний дараа зөвхөн зулгарах төдий хөнгөн гэмтэл авах боломжтой юу гэдэг нь анхаарал татаж байгаа юм.
Toyota Landcruiser-200 маркийн автомашины жин 2700 кг. Харин 12 настай хүүхдийн дундаж жин 35 кг.
ВИДЕО: