Г.Отгонтамир: Ланд 200 автомашины жолооч архи, мансууруулах бодис хэрэглээгүй байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Отгонтамир: Ланд 200 автомашины жолооч архи, мансууруулах бодис хэрэглээгүй байсан

/2022.10.17/ Тээврийн цагдаагийн албанаас Ланд 200 автомашин 7 машин 2 явган зорчигчийг мөргөсөн хэргийн талаар мэдээлэл өглөө.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:

-Тухайн ослын талаарх дуудлага мэдээлэл энэ сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн. Осол БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхоны хойд замд болж, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Осолд өртсөн 2 явган зорчигч эрүүл мэндийн байгууллагын хяналтад байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт хараахан гараагүй байна.

Цахим орчинд баталгаагүй мэдээлэл тархаж байна. Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Урьдчилсан байдлаар тухайн жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон. Үүнээс гадна мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад тийм зүйл илрээгүй. Харин Ланд 200 автомашины жолооч жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан нь тогтоогдсон. Бусад зүйлс шалгалтын ажиллагааны явцад тогтоогдоно. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа прокуророор орж шүүхэд хэргийг шилжүүлнэ гэлээ.

Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, явган хүний замаар зорчиж байсан хоёр иргэн хоёулаа 12 настай, эмэгтэй хүүхэд ажээ. Тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” гэгч байсан байна. Осол гарсан өдрийн орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, улмаар осол гаргажээ.

Ташрамд дурдахад, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг хоёр аргаар буюу шээс, цуснаас шинжилгээ авч тогтоодог байна. Тодруулбал, анхан шатны сорилыг нэг удаагийн тест ашиглаж шээснээс дээж авах байдлаар хийдэг байна. Улмаар тестийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү илгээж, эцсийн дүгнэлт гардаг ажээ. Мөн шаардлагатай тохиолдолд цуснаас дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг тогтоодог байна.

ЭМД-ын шимтгэлээ QR код уншуулан шалгах боломжтой болжээ
ЭМД-ын шимтгэлээ QR код уншуулан шалгах боломжтой болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.