/2022.10.20/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Энэ хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ хэдэн зүйлийг хэрэгтэй байна. АНУ шүгэл үлээгчийн нууцыг хамгаалдаг хуультай. Харин мөнгөн урамшуулал олгохдоо өөр зохицуулалтаар зохицуулдаг. Зөвхөн үнэт цаас, санхүүгийн гэмт хэрэгт мөнгөн урамшуулал олгодог. АНУ-ын санхүүгийн зохицуулах хороо маш сайн хэрэгжүүлдэг. Тиймээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан мөнгөн урамшуулалтай холбоотой заалтыг эргэж харах хэрэгтэй.
Бид матаасны соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин маш тодорхой гэмт хэрэг буюу банк, санхүү, үнэт цаасны арилжаа, койнтой холбоотой гэмт хэрэгт мөнгөн урамшуулал олгож болно. Зохицуулалтгүй, шалгуургүй мөнгөн урамшуулал олгох нь өөрөө маш аюултай. Тэр чигээрээ бизнес болох эрсдэлтэй. Зарим нөхөд цахим орчинд "Би хэдэн зуун сая төгрөг авчих юм байна" гээд биччихсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, матаж, гүтгэснийхээ төлөө мөнгөн урамшуулал авна гээд сууж байна. Энэ хуулийн төсөлд урамшуулал нь 100 мянган төгрөгөөс 1,5 тэрбум төгрөг хүртэл байхаар тусгасан. Тэгэхээр хүмүүсийн нүдэнд зөвхөн мөнгө л харагдаж байна гэв.