/2022.10.19/ ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү өнгөрсөн долоо хоногт БЗД-ийн 26 дугаар хороонд гарсан томоохон осолтой холбоотойгоор нэмэлт мэдээлэл өглөө.
Тэрээр:
-Toyota Landcruiser-200 маркийн автомашиныг анх "Б" гэх иргэн хөдөлгөөнд оролцуулсан. Өөрөөр хэлбэл хөдлөх үйлдэл хийсэн гэсэн үг. Тухайн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан бөгөөд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож хашлага мөргөсөн. Улмаар "М" гэх эмэгтэй машин барьж, цааш хөдөлгөөнд оролцсон. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох асуудал яригдана.
"М" гэх эмэгтэй ганцаараа тээврийн хэрэгсэл жолоодсон нь камерын бичлэгээр тогтоогдож байна. "Б" гэх этгээд хашлага мөргөсний дараа Ланд-200 автомашинаас бууж өөр тээврийн хэрэгсэлд суусан гэдэг нь нотлогдсон.
Үүнээс гадна осол гаргасан эмэгтэйн аавтай холбоо ташаа мэдээлэл гарч байна. Цагдаагийн байгууллагаас үүнд албан ёсоор залруулга хийхгүй бол болохгүй байна. Тухайн эмэгтэй нь Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис гэдэг хүний охин биш гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Цагдаагийн байгууллагаас хаацайлсан зүйл байхгүй гэв.