/2022.10.19/: Украины цахилгаан станцуудын 30 хувь нь долоо хоног гаруйн дотор эвдэрч, улс орон даяар цахилгаан тасрахад хүргэлээ гэж Ерөнхийлөгч Володимир Зеленський өчигдөр мэдэгдэв.
"Оросууд эрчим хүч, чухал дэд бүтцүүдийг онилсон террорист халдлага хийж байна. Аравдугаар сарын 10-наас хойш Украины цахилгаан станцуудын 30 хувь нь эвдэрч, орон даяар цахилгаан тасарсан” гэж Зеленський мягмар гарагт твиттер хуудсандаа бичжээ.
Тэрээр “Путины дэглэмтэй хэлэлцээр хийх орон зай үлдээгүй” гэж нэмж хэлэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам дараа нь тус улсын арми Украин дахь “эрчим хүчний системд” өндөр нарийвчлалтай цохилт өгснийг баталжээ.
“ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины цэргийн командлал, эрчим хүчний системд алсын тусгалын өндөр нарийвчлалтай агаар, далай тэнгисийн зэвсгээр цохилт өгсөөр, мөн гадаадын үйлдвэрлэсэн сум, зэвсгийн агуулахуудад цохилт өглөө. Зорилтот байг оносон" гэж дэд хурандаа Игорь Конашенков мягмар гарагт мэдэгдэв.
Киевт амиа алдагсдын тоо энэ долоо хоногт нэмэгдсээр байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Оросууд Иранд үйлдвэрлэсэн “камикадзе” нисгэгчгүй онгоцоор дайрсны улмаас даваа гарагт таван хүн амиа алдаж, мягмар гарагт өөр өөр халдлагын улмаас гурван хүн амиа алджээ.
"Усыг аль болох хэмнээрэй"
Москва сүүлийн өдрүүдэд Украины эрчим хүчний гол байгууламжуудыг онилсноор гурван хотын бүс нутгийг эрчим хүчгүй болгожээ.
Нийслэл Киев хотын орон сууцны хороололд цахилгаан тасарч, ус тасарч байна гэж орон нутгийн эрчим хүчний DTEK компани мягмар гарагт Facebook хуудсандаа мэдэгдэв.
"Оросын халдлагаар Деснянскийн дүүргийн дэд бүтцийн чухал байгууламж гэмтсэний улмаас Троещина хорооллын оршин суугчдын цахилгаан эрчим хүч тасарч, нийслэлийн зүүн эргийг усаар хангадаг усны суваг тасалдсан" гэж тус компани мэдэгдэв.
Днепропетровск мужид ОХУ эрчим хүчний байгууламж руу хоёр пуужин харвасны дараа Днепр хотын зарим хэсэг зэрэг гурван дүүрэгт цахилгаан тасарч, ус шахах байгууламж эрчим хүчээ алдсаны улмаас "гал түймэр гарч, ноцтой сүйрэлд хүргэсэн" гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Днепр дэх CNN телевизийн баг Днепр дэх цахилгаан станцад цохиулж, байгууламжаас утаа гарч байгааг алсаас баримтжуулж авчээ.
Баруун зүгт Житомир хотын дарга мэдэгдэл хийхдээ, хотод цахилгаан, ус тасарч, эмнэлгүүд нөөц эрчим хүчээр ажиллаж байна гэв.
Мягмар гарагт дэд бүтцийн хоёр гол цогцолборт цохилт өгсний дараа Украины нийслэл хотын оршин суугчдыг цахилгаан, усны хэрэглээгээ хязгаарлахыг орон нутгийн албаныхан уриалав.
"Одоогийн байдлаар нийслэлийн зүүн эрэг дэх олон байшинд цахилгаан эрчим хүч, усан хангамжийн үйлчилгээ хэсэгчлэн хязгаарлагдаж байна ... Би Киевийн бүх оршин суугчдад цахилгаан эрчим хүчийг аль болох хэмнэхийг уриалж байна" гэж хотын дарга Виталий Кличко Telegram дээр мэдэгдэв. .
“Украины хэт олон хүн эгзэгтэй амьдарч, нэг газраас нөгөө рүү нүүж, чанаргүй барилга байгууламжид эсвэл халаалтгүй амьдарч байна. Энэ нь хөлдөлт, гипотерми, уушгины хатгалгаа, цус харвалт, зүрхний шигдээс зэрэгт хүргэдэг" гэж ДЭМБ-ын Европ дахь бүсийн захирал Ханс Анри П.Клюге баасан гарагт мэдэгдэв.
Эх сурвалж: CNN