/2022.10.18/: Тээврийн цагдаагийн албанаас нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сошиал орчинд олны анхаарлыг ихээр татан иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа зам тээврийн ноцтой ослын талаар мэдээлэл өглөө.
-2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 18.53 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 хороо "Олимп" хотхоны хойд замд тээврийн хэрэгсэл мөргөлдөж, хүний эрүүл мэнд хохирсон гэх дуудлагын дагуу ТЦА-наас үзлэг шалгалт хийсэн.
Үзлэг шалгалтаар “Ланд Круйзер-200” маркийн 7220 УБХ улсын дугаартай автомашины жолооч замын эсрэг урсгалд орж, нийт таван машин мөргөсөн. Замын нөгөө урсгалд хоёр машин мөргөж, нийт долоон автомашиныг мөргөж хохирол учруулсан. Энэ үеэр зам дагуу явж байсан 12 настай С, Э нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэргийг мөрдөн шалгаж байна.
Тухайн ослыг Шүүх шинжилгээний нарийн мэргэжлийн төв болон машины техникийн нарийн шинжилгээний дүгнэлт 7-14 хоногийн дотор гарна.
Тухайн тээврийн хэрэгслийг 29 настай М гэгч нь жолоодож явсан нь тогтоогдсон. Түүний найз залуу Б согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Харин зам дагуу гарч явсан 12 настай хүүхдүүдэд шүүх шинжилгээний эмч томилж, ажилласан.
Хоёр хүүхдэд хийсэн эмчилгээтэй уялдуулан дахин шинжилгээнд хамруулах хүсэлтийг тавьж байна. Тухайн үед шүүх шинжилгээнээс эмнэлэг авч явсан процессоор явдаг бол одоо хийсэн эмчилгээгээр нарийвчлалтай учирсан хохирлыг тогтоохоор нэмэлт шинжилгээг хийнэ.
Нэг хүүхэд нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө хүүхэд нь эмнэлгээс гадуур хэвийн байна. Мөрдөн шалгах процессын дараа хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгч болно. Хэрвээ жолоо шилжүүлсэн бол хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Цахим орчинд цацагдсан мэдээллийг шалгахад тухайн машины жолооч Б нь 2016 оноос хойш дөрвөн удаа эрхээ хасуулж байсан байна гэв.