/2022.10.11/ Иранд эмэгтэйчүүд хүний наад захын эдлэх ёстой эрхийнхээ төлөө тэмцсээр байна. Мөн тэд толгойн боолтыг хүссэн үедээ зүүдэг байх, хүсээгүй бол зүүхгүй байж болох эрхийн төлөө тэмцэж байна.
"Бидний дундаас олонх нь амиа алдах байх. Гэхдээ бид эцэстээ ялах болно" хэмээн тэд үзэж байгаа юм. Тэмцэгчдийн дунд залуу охид эмэгтэйчүүд олон байна. Мөн тэмцэгчдийн дундаас яасан нь мэдэгдэхгүй хүмүүс алга болж, хэд хоногийн дараа хүчирхийлэлд өртөж амиа алдсан байдалтай олдох болжээ.
Ника Шакарами гэх 16 настай охин алга болохынхоо өмнөхөн жагсаалд оролцож, толгойн боолтоо шатааж байгааг дараах видеоноос харж болно.
#نیکا_شاکرمی در تظاهرات از زاویه دیگر. pic.twitter.com/fsyj7AnH98
— Parham Ghobadi (@BBCParham) October 10, 2022
Харамсалтай нь, энэ өсвөр насны охин энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа хүчирхийлүүлж, зодуулсны улмаас амиа алдсан байдалтай олдсон юм. Ираны цагдаа нар охины ээжид "Барилгын нурангин дороос олдсон" хэмээн худал мэдээлэл өгч байгаа гэж ээж нь үзэж байна.
Охин алга болохынхоо өмнөхөн найздаа "Цагдаа нар намайг мөрдөөд байна" хэмээн хэлж байжээ. Хатагтай Шакарами "Би ч бас хүүхэд байхаасаа л энэ толгойн алчуурыг зүүхгүй байх сан гэж боддог байлаа. Гэвч бидний үеийнхэнд одоо үеийнхэн шиг тэмцэх зориг байсангүй дээ" хэмээн BBC сурвалжлагчид ярлилцлага өгөх үеэрээ ярьжээ.
Шакарами гэх 16 настай охин тэмцлийн үеэр амь үрэгдсэн ганц охин биш юм. Есдүгээр сарын 21-ний өдөр Тегеранд болсон тэмцлийн үеэр 22 настай Хадис Нажафи цагдаа нарт буудуулж амь үрэгдсэн, мөн өөр нэг 16 настай охин Сарина Эсмайлзаде есдүгээр сарын 23-ны өдөр мөн цагдаа нарт толгойдоо олон удаа цохиулсны улмаас амиа алдсан.
Өчигдөр буюу даваа гарагт Ираны Хүний эрхийн байгууллагаас тэмцлийн үеэр 28 хүүхэд амиа алдаад байна гэж мэдээлсэн юм. Мөн олон арван хүүхдийг цагдаа нар баривчлан саатуулаад байгаа ажээ.
Эх сурвалж: BBC