/2022.09.30/: Монголын 100 гаруй охид, эмэгтэйчүүдийг худалдаалсан байж болзошгүй Сингапур улсын иргэний хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албаны эрүүгийн мөрдөгч Н.Бямбабаяр "Сингапур Улсын 64 настай иргэн Монгол Улсын охид, эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж байгаа дүрс бичлэгийг нууцаар хийж, уг бичлэгээрээ заналхийлсэн. Мөн гадаад улсад биеийг нь үнэлүүлэх зорилгоор худал амлалт өгч охидыг гадаад улс руу гаргасан байж болзошгүй талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр буюу есдүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн. Сэжигтэй этгээдийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлаас баривчилсан. Хэргийн газрын үзлэгээр гар утас, зөөврийн комьютер, i pad, зөөврийн хатуу диск, memory карт, флаш диск зэргийг хураан авч үзлэг хийх, сэжигтэй этгээдэд болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авах мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хохирогчдыг Монгол Улсаас виз шаардахгүй Турк, Сингапур зэрэг улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн
- 13.1 буюу Хүн худалдаалах гэмт хэрэг,
- 12.1 буюу Хүчиндэх гэмт хэрэг,
- 13.10 буюу Хувь хүний нууцад халдах,
- 13.5 буюу Заналхийлэх зэрэг зүйл ангиар холбогдуулан шалгаж байна" гэлээ.
Охид бүсгүйчүүдийг гадны этгээдтэй харилцаа тогтоож, чат бичихдээ анхаарал болгоомжтой байхыг анхаарууллаа.