/2022.09.29/ “Олон улсын шинэ эрчим хүчний чуулган-2022” үйл ажиллагаа хоёр дахь өдрөө Корпрэйт зочид буудлын Конвэйшн төвд болж өндөрлөлөө. Өнөөдөр "Дамжуулах сүлжээний цахим эрин" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ үеэр USAID Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөр-ийн эрчим хүчний төлөвлөлт ба ашиглалтыг хариуцсан дарга О.Бавуудорж хэлэлцүүлэгт оролцож, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудалтай холбоотойгоор санал бодлоо хуваалцлаа. Тэрээр:
-Өнөөдөр эрчим хүчний салбар ямар байгааг бүгд мэдэж байгаа байх. Энэ салбар бол маш төвлөрсөн, босоо удирдлагатай. Хэдийгээр хуулиндаа компани болгож хуваасан ч эцсийн дүндээ ерөөсөө л босоо удирдлагатай. Дээрээс юу гэнэ үү, тэрийг л гүйцэтгэдэг. Хамгийн төвөгтэй зүйл бол засаглал. Төрийн өмчит гэхээр зөвхөн төрийнх гээд том зургаар нь ойлгоод байдаг. Гэхдээ энэ бол бүх нийтийн өмч. Нэг төрлийн хувийн өмч гэсэн үг. Үүнд компанийн тунгалаг байдлыг хангахгүй бол ямар ч сайн техник технологи нэвтрүүлээд амжилт олохгүй. Үүний гол шалтгаан нь эрчим хүч бол маш хаалттай салбар. Энэ салбарт тунгалаг байдал гэсэн ойлголт байхгүй. Энэ байдлыг халах шаардлагатай. Ингэж байж компаниудын үр ашиг дээшлэх боломжтой. Ингэснээр цаашид хөгжих үүд хаалга нь нээгдэнэ. Засаглалыг сайжруулахад маш олон арга зам байна. Хамгийн наад зах нь компанийн удирдлагыг сонгодог механизмыг өөрчлөх шаардлагатай.
Эрчим хүчний тарифыг нэмнэ гэхээр надад утгагүй санагддаг. Үүнээс өмнө удирдлагын бүтэц, засаглалаа сайжруулах хэрэгтэй. Үүний дараагаар тарифаа нэмэх асуудлыг ярих ёстой. Гэтэл бид өнөөдөр засаглалын асуудал дээрээ л эргэлдээд байна гэлээ.