/2022.9.27/ Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг ёс зүйн алдаа гаргасны учир Ерөнхий сайдын захирамжаар огцорлоо.
Тэрээр мэдээлэл хийх үеэрээ иргэдийг нийгмийн гарал үүсэл, аж амьдралын байдлаар нь ялгаварлан гадуурхсан агуулга бүхий мэдээллийг хийсэн юм.
Д.Сарангэрэл ХНХ-ын сайдын албыг 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүлээж авсан. Ийнхүү хоёр сар хүрэхгүй хугацаанд Засгийн газрын гишүүний албыг хашлаа. Д.Сарангэрэл өмнө нь Эрүүл мэндийн сайд байсан бөгөөд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох үеэр мөн албан тушаалаа өгсөн билээ.
Өөрөөр хэлбэл, тэрээр хоёр жил хүрэхгүйн хугацаанд ийнхүү хоёр удаа огцров. Гэсэн хэдий ч Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн хэвээр үлдэнэ.
Сонирхуулахад, Д.Сарангэрэл энэ жил 59 настай.