МИНИЙ ТУРШЛАГА №17: Ажилтнууд дундаасаа гэмт хэрэг илрүүлсэн нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №17: Ажилтнууд дундаасаа гэмт хэрэг илрүүлсэн нь

Ажлаасаа гарах гэтэл замын түгжрэл их байсан тул хяналтын дэлгэцээ ширтээд үүдэнд сууж байсан рестораны эзэн нэгэн сонирхолтой зүйлийг ажиглажээ.

Ресторан нь хаачихсан, хэн ч байхгүй байхад нэгэн ажилтан нь кассын ард зогсчихоод, өөр рүү нь мөнгө шилжүүлж байх юм гэнэ. Эзэн учрыг даруй ойлгож, гүйж очин утсыг нь шаардтал, өгөхгүй гүрийж, тэрүүхэн зуурт утасныхаа Хаан банкны аппликэйшнийг устгасан байна.

Цагдаа руу ажилтнаа дагуулан очиж, байцаалт өгөхөд эхний байцаалтаас хэрэг ойлгомжтой болж эхэлжээ.

Ажилтнууд “Буян даагаарай” гэх утга бүхий гүйлгээг нэгэн рүүгээ хийдэг байна. Өдөрт эзнээсээ ойролцоогоор 500 мянгаас дээш төгрөгийн гүйлгээг ийнхүү хулгайлдаг байжээ. Энэ хэрэгт тухайн рестораны зөөгч зэрэг таван ажилтан холбогдсон байна.

Яаж хулгай хийдэг вэ гэхээр, үйлчлүүлэгчид “Манай кассын машин эвдэрсэн тул баримт өгөх боломжгүй, та энэ данс руу мөнгөө шилжүүлчих” хэмээн өөрийнхөө дансыг өгдөг байна. Үйлчлүүлэгч тухайн данс руу мөнгөө хийх бөгөөд зарим тохиолдолд кассын машин эвдэрсэн нь үнэн байдаг тул эзэн рүүгээ тодорхой хувийг нь шилжүүлдэг байжээ. Гэвч сүүлдээ эзэн рүүгээ нэг ч төгрөг шилжүүлэхгүйгээр, бүх мөнгийг тавуулаа хувааж авдаг болсон байв.

“Би сайн мэдэхгүй байж байтал над руу мөнгө шилжүүлсэн. Тэгээд би больё, эзэнд хэлье гэхэд “Тэгвэл чи өөрөө хулгайч болж, шоронд орно” гэж айлгасан. Тэгээд би айгаад үргэлжлүүлсэн” хэмээн нэг зөөгч нь ярьж байна.

Одоогийн байдлаар багагүй мөнгө хулгайлсан нь баригджээ. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд хамаарах бөгөөд 2-8 жилийн хорих ялтай, бүлэглэн үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөлтэй байж болох юм.

Түүгээр ч барахгүй цагдаагийн байгууллагын ажилтан рестораны эзнийд оройн цагаар очиж гомдлоо буцаан татахыг санал болгожээ. Тиймээс тэрхүү цагдааг Авлигатай тэмцэх газарт мэдэгдсэн байна. Алба үүргээ гүйцэтгэж буй цагдаа ийм үйлдлийг өмгөөлөх оролдлого хийсэн нь мөн албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэгт тооцогдох юм.

Энэ рестораны эзний туршлагаас дараах зүйлсийг суралцах боломжтой. Тухайлбал, яг ийм хулгайг хийдэг зөөгч, бармен зэрэг ажилтнууд байвал хийж буй хэрэг нь олон жилийн ялтай гэмт хэрэг гэдгийг ухаарах.

Мөн үйлчлүүлэгчид зөвхөн тухайн байгууллагын дансанд мөнгөө шилжүүлэх, ресторанууд мөн заавал албан дансаа байршуулах зэргийг сурах боломжтой ажээ.

ЖИЧ: Энэ гэмт хэрэг нь мөрдөн байцаалтын явцад байгаа тул бид үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, бодит нэрсий зарлахаас цааргалсан болно.

Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна
Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна
 
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд ногоон байгууламж, 20 хувьд тухлах талбай байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.