/2022.09.19/ Сүүлийн үед дэлхийн дахинд эмийн бус эмчилгээ нэлээд дэлгэрч байна. Үүний нэг нь “Озон эмчилгээ” буюу хүчилтөрөгчийн эмчилгээ юм. Манай улсад энэ төрлийн эмчилгээ 2014 оноос орж ирж, сүүлийн жилүүдэд улам эрчимжиж байна.
Озон эмчилгээг бүх төрлийн өвчинд хийх боломжтой бөгөөд хүний цусыг шингэлж, цусны эргэлтийг сайжруулж дархлааг дэмждэг гэж зарим хүмүүс тайлбарладаг. Тийм ч учраас манайх шиг сахрын өвчтэй, цусны даралт ихтэй орны иргэд болон жирэмсэн эхчүүд энэ эмчилгээг хамгийн их хийлгэдэг байна. Ялангуяа жирэмсний бага сартай, хордлого өгч буй эхчүүд хийлгэх нь элбэг байдаг ажээ. Үүгээр зогсохгүй сүүлийн үед бага насны хүүхдэд хүртэл "Озон дусал эмчилгээ"-г хийж байна.
Гэвч энэ эмчилгээ ЭМЯ-ны албан ёсны зөвшөөрөл, удирдамж, стандартгүй. Мөн үүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэл маш өндөр байдаг талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Ш.Тэгшбаяр хэлсэн юм. Мөн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Ш.Анармаа озон эмчилгээ гэж байхгүй талаар хэлж байлаа.
Гэтэл өнөөдөр зарим эмнэлгийн эмч, ажилтнууд хүртэл озон эмчилгээг хийж байгаа нь энэ төрлийн бизнес нэлээд газар авсныг харуулж байна.
Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүрэгт нэгэн иргэн "Озон эмчилгээ" хийлгэж байгаад нас барсан байж болзошгүй хэрэг гарчээ. Уг хэрэг өнгөрсөн сар буюу наймдугаар сарын дундуур гарсан гэж нэгэн эх сурвалж хэлсэн юм.
АНУ-Д ОЗОН ЭМЧИЛГЭЭГ ХУДАЛ СУРТАЛЧИЛЖ, ХИЙЖ БАЙСАН БАЙГУУЛЛГАД АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ
2020 онд АНУ-ын Даллас хотын шүүхээс шинжлэх ухаанаар батлагдаагүй озон эмчилгээг худал хэлж, сурталчилж байсан "Welness center"-т арга хэмжээ авч байжээ. Учир нь коронавируст халдварын үед дээрх эмчилгээг сайн гэж итгүүлэн хүмүүст хийж байсан байна. Тиймээс үүнтэй холбоотойгоор нэгэн иргэн гомдол гаргасан ажээ.
"Purity Health & Wellness" төв нь өөрсдийн инстаграм хуудас дээр, озон нь Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх "цорын ганц арга" гээд, энэ төрлийн эмчилгээгээр вирусыг "устгах" боломжтой гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, цусан дахь хүчилтөрөгчийг нэмэгдүүлж, ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүст 95 хувийн үр дүнтэй. Мөн озон нь хорт хавдар, SARS болон эбола зэрэг бусад үхлийн аюултай өвчинтэй тэмцэхэд тусалж чадна гэж мэдээлж байжээ.
Харин иргэний гомдлын дагуу шүүхээс тус газрыг цар тахлын үед олон нийтийн айдас түгшүүр, сэтгэл санааны байдлыг ашиглан, Covid-19 халдварын эсрэг ямар ч нөлөө үзүүлэхгүй хуурамч эмчилгээ хийсэн гэсэн шийдвэр гаргасан байна.