“Гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа” өдөрлөг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа” өдөрлөг боллоо

159A6487.jpg

/2022.09.15/: Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа” өдөрлөгийг нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын зочид төлөөлөгчид оролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газар 2004 оноос гамшгаас хамгаалах салбарт Япон Улс, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай идэвхтэй хамтран ажиллаж, Онцгой байдлын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тодруулбал,

  • “Улаанбаатар хотын Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг сайжруулах нэг, хоёрдугаар шатны төсөл”,
  • “Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”
  • “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх нэг, хоёрдугаар шатны төсөл”
  • “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн яаралтай тусламжийн автомашин нийлүүлэх төсөл”,
  • “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь”
  • Сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр тус тус төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

Эдгээр төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнд таван төрлийн 39 нэгж автомашин, эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Ниссан патрол” маркийн 7 автомашин, барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийг хэмжих таван нэр төрлийн 5 багц багаж, тоног төхөөрөмж, газар хөдлөлтийн чичирхийллийг биеэр мэдрүүлэх сургалтын тоног төхөөрөмж мэргэжлийн байгуулагуудад нийлүүлэгдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

Түүнчлэн дээрх төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгох, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, гамшгийн үед байгууллага хоорондын хамтын ажиллагаа, үүрэг, оролцоог хангах, мэдээллийн санг бүрдүүлэх чиглэлээр 8 заавар, дүрэм журам боловсруулж, 11 байгууллагатай хамтын санамж бичгийг байгуулжээ.

Монгол Улс анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг Монгол-Англи хэл дээр гаргаж жил бүр олны хүртээл болгож хэвшсэн бол интернетэд суурилсан гамшгийн орон зайн мэдээллийн системийг байгуулж, гамшгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлээд байна.

Мөн хүүхэд багачуудад гамшгаас хамгаалах боловсрол олгох зорилгоор “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөр боловсруулж батлуулан сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтын хөтөлбөрт оруулж, 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн мөрдөж эхэлсэн бол олон нийтийн гамшгаас хамгаалах боловсролын дээшлүүлэх “Бэлэн бай” сургалтын багц, “Хэн, хэзээ ч, хаана, бэлэн” буухай тэмцээний гарын авлага, гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны багийг байгуулж, гамшгаас хамгаалах сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулсан байна.

Сургалт, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран Онцгой байдлын байгууллагын 50 алба хаагчийг мэргэшүүлэх, дадлага туршлага солилцох сургалтад хамруулж, “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас гамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл-1”-ийн хэрэгжих хугацаанд ажлын хэсгийн нийт 44 гишүүнийг газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах засаглал, гамшгийн шуурхай удирдлагын бүтэц зохион байгуулалт, барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг хангах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах боловсролын чиглэлээр сүүлийн үеийн шилдэг туршлагатай Япон Улсад газар дээр нь танилцах сургалтад хамруулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, монголын ард түмэн 2011 онд Япон Улсын Зүүн эргийн мужуудад тохиолдсон хүчтэй газар хөдлөлт түүнээс үүдэлтэй цунамид нэрвэгдэгсдэд хандив тусламж үзүүлж, эрэн хайх аврах ажиллагаанд оролцох аврагчдаа илгээж байлаа. Энэ аврах ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшигтай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Ш.Ганболдоор ахлуулсан Үндэсний аврах бригадын аврагчид Японы мэргэжил нэгт нөхдийн хамт үүрэг гүйцэтгэсэн юм.

Эх сурвалж: ОБЕГ

Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал
Л.Оюун-Эрдэнэ: Жендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.