Монголын дүрс оношилгооны эмч нарын XXVII үндэсний чуулган болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын дүрс оношилгооны эмч нарын XXVII үндэсний чуулган болж байна

/2022.09.15/: Монголын Радиологийн Нийгэмлэг 1995 оны тавдугаар сарын 29-нд "Монголын Рентген Радиологичдийн Нийгэмлэг" нэрээр анх удаа албан ёсоор бүртгүүлж, N406 тоот гэрчилгээ авсан бөгөөд 1999 онд нэрээ шинэчлэн "Монголын Радиологийн Нийгэмлэг" нэрээр бүртгүүлснээс хойш өнөөг хүртэл 27 жил Монгол улсын Эрүүл мэндийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаас хойшхи 27 жилийн хугацаанд манай улсын Дүрс оношилгооны салбарын хөгжил, боловсон хүчний бэхжилт ба дүрс оношилгооны салбарын гадаад харилцааны хөгжилд дорвитой хувь нэмрийг оруулсан билээ.

Ийнхүү Монголын Радиологийн нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монголын Дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган 2 өдөр зохион байгуулагдах гэж байна.

Чуулганд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АУ-ны доктор дэд профессор Ц.Эрдэмбилэг, Монголын Радиологийн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, МУ-ын Хүний гавьяат эмч, профессор Д.Гончигсүрэн, Монголын Радиологийн Үндэсний Чуулган-2022 хурлын Ерөнхийлөгч, АУ-ны доктор, дэд профессор, УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган, МУ-ын Ардын эмч, АУ-ны доктор, профессор Р.Асай, МУ-ын Хүний гавьяат эмч, АУ-ны доктор, профессор Ц.Бадамсэд, МУ-н Эрүүл мэндийн сайд асан, АУ-ны доктор,профессор С.Сонин, МУ-ын Хүний гавьяат эмч, клиникийн профессор Г.Одонтуяа нар болон дүрс оношилгооны эмч нар оролцлоо.

Энэ үеэр Монголын Радиологийн Нийгэмлэгийн "Алтан медаль", "Хүндэт гишүүний өргөмжлөл", "Эрүүл мэндийн яамны шагнал" гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Чуулганы хүндэтгэлийн лекцийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Эрүүл мэндийн салбарын бодлого, Эрх зүйн орчны шинэчлэл сэдвээр лекц уншлаа. Монголын дүрс оношилгооны эмч нарын XXVII дахь үндэсний чуулган 2022 оны есдүгээр сарын 15,16 өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Эх сурвалж: ЭМЯ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан Хаантай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцоно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан Хаантай салах ёс гүйцэтгэх ёслолд оролцоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.