/2022.09.12/ Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө.
Түүний айлчлал есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд болсон юм. Дээрх хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Эрхэмсэг ноён Ли Жаньшу нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийсэн байна.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар Монголоос Хятадад экспортолж буй нүүрсний хэмжээг 2022-2025 оныг дуустал жил бүр 40-70 сая тонн байлгах квотыг харилцан тохиролцож, энэ хүрээнд нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох гэрээг сунгах хүрээнд своп хэлцлийн өрийг хөнгөлөх саналаа хэлжээ. Үүний хариуд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Ли Жаньшу Монголын талын тавьсан хүсэлтийг чухалчлан үзэж онцгой анхаарал хандуулан, дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.