/2022.09.12/: 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Баянтэс сумын “Цуурайн эх” гэдэг газар ой хээрийн түймэр гарч байна.
Тус аймгийн шуурхай штаб өчигдрийн 23:00 цагт яаралтай хуралдсанаар шуурхай арга хэмжээг шат дараатай авч ажиллаж байна. Түймэр ОХУ-ын Тува улсын хилийг давсан бөгөөд одоогоор 7200 га газрыг хамарчээ.
Одоогийн байдлаар тойргийн сумд болох Сонгино, Түдэвтэй, Нөмрөг, Асгат, Баянхайрхан сумын алба, мэргэжлийн ангиудын төлөөллийг татан оролцуулж байна. Мөн Тэс сумын хилийн цэргийн 0277 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 274 дүгээр салбар, аймгийн ЗДТГ, шуурхай штабаас нийт 324 хүн 43 техник хэрэгсэлтэйгээр түймрийн голомтод ажиллаж байна.
Түймэр уулархаг, модтой газар дэгдсэн учир унтраах явц хүндрэлтэй байгаа юм. Тува улсын нутаг дэвсгэрийг хамарсан түймрийн хэмжээ одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: ЭкЦА