Дарханы замын зорчих хөдөлгөөнийг 10-р сард багтаан нээнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дарханы замын зорчих хөдөлгөөнийг 10-р сард багтаан нээнэ

/2022.9.10/ Сангийн сайд Б.Жавхлан Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцтай танилцлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг Азийн хөгжлийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслүүдийн санхүүжилтээр барьж байгаа бөгөөд нийт 5 багц болгон тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан ажлыг хийж байна.

Азийн хөгжлийн банкны төслийн 2 болон 4 дүгээр багцын ажлууд хугацааны хоцрогдолтой, анхаарах шаардлагатай байгаа тул 2 дугаар багц буюу Хар модтын давааны араас Урьхан хүртэлх 45.5 км замын ажилтай Сангийн сайд Б.Жавхлан газар дээр нь танилцаж холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Хоёрдугаар багцын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Арж капитал" ХХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Жунмэи Инженеринг групп компаниуд гүйцэтгэж байгаа. "Арж капитал" ХХК-ийн ажлын явц 72.7 хувь, БНХАУ-ын Жунмэи Инженеринг группын ажил 43.7 хувьтай байна. Гэрээгээр бол 2023 оны 3 болон 9 дүгээр сард бүрэн ашиглалтад өгөх ёстой. Гэхдээ энэ оны 10 дугаар сард багтааж замын хучилтыг дуусган замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

Санхүүжилтийн хувьд ямар ч саадгүйгээр гүйцэтгэлийг тухай бүр олгож байгаа, хил гаалийн нөхцөл байдлаас хамааралтай ажил удаашрах, саатаж байгаа асуудал байхгүй гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хэлж байна.

Харин Дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замын зорчих хөдөлгөөнийг 10 дугаар сард нээхээр ажиллаж байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хамгийн удаан, хүндрэлтэй яваа хэсэг бол дөрөвдүгээр багц юм.

Санхүүжилттэй холбоотой ямар нэгэн саатал гараагүй ч Азийн хөгжлийн банкны төслийн уг багцын ажлыг хийж байсан гүйцэтгэгч компани солигдсонтой холбоотойгоор хугацаа их алдсан. Одоо авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Чайна Жео-Инженеринг Корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр мөн БНХАУ-ын Шанхай Констракшн групп гүйцэтгэж байна. Ажлын явц тус бүр 45 орчим хувьтай байна.

Өмнө нь гүйцэтгэгч хоёр компани параллель байдлаар буюу зэрэгцэж 4 эгнээ замын ажлыг гүйцэтгэж байсан бол одоо хугацаа хэмнэхийн тулд хоёр компани эхлэл болон төгсгөлийн цэгээс ажлыг гүйцэтгэж, энэ оны 10 дугаар сард зорчих хэсгийг нээхээр ажиллаж байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр одоо үүсч байгаа хүндрэл бол цементийн хомсдол байна. Цемент нийлүүлж байсан Хөтөлийн “Цемент шохой” ХК-д техникийн засвар үйлчилгээ хийгдэж байгаатай холбоотой үйлдвэрлэл хэвийн явагдахгүй болсноос цементийн хомсдол үүссэн.

Гэвч 10 дугаар сарын 1-ний өдрөөс уг үйлдвэрийн засвар дуусч цемент хэвийн нийлүүлнэ гэдгийг Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар хэллээ.

Иймд 10 дугаар сард багтаан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто авто замын зорчих хэсгийг нээхэд цементийн хэрэгцээгээр тасралтгүй хангах, гүйцэтгэгч компаниуд төлөвлөсөн хугацаандаа ажлаа гүйцэтгэх үүргийг холбогдох хүмүүст өглөө.

Засгийн газар болон Сангийн яам, ЗТХЯ, бусад холбогдох төрийн байгууллагууд бүх талаар дэмжиж онцгой анхаарал хандуулж ажиллах болно гэв.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах газар

ОХУ-ын ЭСЯ-наас Ж.Соронзон захирлыг халахдаа зөвлөлдөх ёстой байсан гэв
ОХУ-ын ЭСЯ-наас Ж.Соронзон захирлыг халахдаа зөвлөлдөх ёстой байсан гэв
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.