/2022.09.09/ Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр маргааш тохионо.
Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэн, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
Хэлмэгдүүлэлтийг 1922-1990 оны хооронд авч үздэг бөгөөд энэ хугацаанд бүрэн бус мэдээгээр 36 мянган хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Өнөөдрийн байдлаар 31357 иргэнийг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулаад байна. Үүнээс давхардсан тоогоор нийт 19434 иргэнд 80 тэрбум 565 сая төгрөгийн нөхөх олговор, бусад дэмжлэгийг үзүүлж байв.
Мөн улсын хэмжээнд нийт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай хөшөө, суварга, самбар, дурсгалын багана, музей зэрэг 200 гаруй объектыг байгуулжээ.