/2022.09.07/: Нүүрсний салбарын худалдаа хөрөнгө оруулалтын "Coal Mongolia-2022" олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн "Сэргэлтийг хамтдаа" уриан дор болж байна.
Монгол Улсын нүүрсний салбарын дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспорт, худалдааны нөхцлийг сайжруулах, техник технологийн дэвшлийг танилцуулах, нүүрсний зах зээлийн нөөц, боломж тулгамдсан асуудлаа хэлэлцэх зорилго бүхий чуулга уулзалт юм. Чуулга уулзалт, үзэсгэлэнд нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгчид, зөвлөх үйлчилгээ, техник технологийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын "Coal Mongolia-2022" чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар болон дэд сайд О.Батнайрамдал, Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайдууд, Олон улсын байгууллагын төлөөлөл, "Эрдэнэс Монгол" компаны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч О.Хулан, Монгол Нүүрс Ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Фэнвэй Дижитал Информэйшн Сервисез ХХК-ийн Ерөнхий менежер Фэнг Донгбин тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож байна.
10 дахь удаагийн "Coal Mongolia 2022" чуулга уулзалт зургаан хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь "Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд" сэдвийн хүрээнд Монгол нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалийн "Монголын нүүрсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлууд ба боломжууд" илтгэлээр үргэлжилж байна.