/2022.09.07/: Хориг арга хэмжээ нь Москвад армиа тэлэх чадавхийг нь хумиж байгаа тул Орос Хойд Солонгосоос цэргийн техник худалдаж авахаас өөр аргагүй болсон гэж АНУ мэдэгдэв.
Дайн үргэлжилж байгаа тул Орос улс Хойд Солонгосын нэмэлт зэвсгийг худалдаж авахаас өөр аргагүйд хүрч магадгүй гэж тэд хэлэв.
Хойд Солонгосоос худалдан авалт хийх нь "Оросуудын зэвсэг нийлүүлэлт ноцтой хомсдолд орсны шинж тэмдэг" гэж тэд нэмж хэлэв.
Тагнуулын мэдээллийг Нью Йорк Таймс сонин анх мэдээлжээ. Украины Батлан хамгаалах яам "Зөвлөлтийн зэвсгийг харахад" өөрсдийн боломжоо шавхсан байгааг харуулж байна гэж тохуурхан жиргэжээ.
Украйн НАТО-гийн стандартад шилжиж байх хооронд Орос улс "зэвсэг, улс төр, амьжиргааны түвшин" гэх чиглэлүүдээр Хойд Солонгосын араас явж байна гэж тус яам мэдэгдэв.
Ким Чен Уны дэглэм мөргөлдөөнд АНУ-ыг буруутгаж, Оросыг хүч хэрэглэхийг зөвтгөж байгаа бөгөөд "ноёрхлын бодлого" явуулж байна гэж барууны орнуудыг буруутгаж байна.
Өнгөрсөн сард Хойд Солонгос зүүн Украин дахь Оросын хоёр итгэмжлэгдсэн муж болох Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Москватай "нөхөрлөлийн найрамдлаа" гүнзгийрүүлэхээ амласан.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин хоёр улс "Бүх талаар бүтээлчээр харилцаагаа өргөжүүлнэ" гэж хэлсэн хэмээн Пхеньяны төрийн хэвлэл мэдээллээ.
Эдийн засгийн өргөн хүрээтэй хориг арга хэмжээ нь Оросын эрчим хүчний экспортын орлогод ямар ч хохирол учруулаагүй гэж Финляндын Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвөөс дүгнэв.
Зургаан сарын түрэмгийллийн дүнд Орос улс чулуужсан түлшний үнийн өсөлтөөс 158 тэрбум еврогийн ашиг олсон бөгөөд үүний талаас илүү хувийг ЕХ-ны импорт эзэлж байгаа аж.
Гэвч АНУ экспортын хяналт, хориг арга хэмжээ Оросын армид нөлөөлж байна гэж үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Байдены засаг захиргааны албан тушаалтнууд АНУ-ын хэвлэлд мэдээлснээр Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцны анхны ачааг мөн Орост хүргэсэн байна.
АНУ-ын тагнуулын ажилтнууд Оросын операторууд Мохажер-6 болон Шахед цуврал зэвсгийн талаар сургалт авахаар Иранд очсон гэж үзэж байна.
Мөргөлдөөний аль нэг талд зэвсэг нийлүүлээгүй хэмээн Иран албан ёсоор мэдэгдсэн ч долоодугаар сард АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Тегеран Москвад Украин дахь дайнд зориулж хэдэн зуун нисгэгчгүй онгоц нийлүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн бөгөөд зарим нь байлдааны зориулалттай аж.
Эх сурвалж: ВВС