/2022.09.05/: Украины ерөнхийлөгч Володимир Зеленський ням гарагт хэлэхдээ "Өмнөд хэсэгт оросуудын эсрэг дайралт эхэлснээс хойш газар нутаг, ард иргэдээ чөлөөлөхөд ахиц дэвшил гарч байна" гэж мэдэгджээ.
"Украины Зэвсэгт хүчин, манай тагнуул, тусгай албад шаардлагатай арга хэмжээг аль хэдийн авч хэрэгжүүлж эхэлсэн" гэж Зеленський фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэлжээ. "Эзлэн түрэмгийлэгчид Крымээс аль хэдийн дүрвэж эхэлснийг бүгд харж байна. Энэ бол тэдний хувьд хамгийн зөв сонголт юм" гэв.
Мөн Донецк мужийн нэгэн сууринг чөлөөлсөн “нутаг дэвсгэрийн хамгаалалтын 103 дугаар бригадын 63 дугаар батальоны дайчид”-д талархал илэрхийлэв. "Лысычанск-Сиверскийн чиглэлийн 54-р бригад" мөн амжилттай алхам хийж, ахиц дэвшил гарган тодорхой өндөрлөгт хүрсэн бол "42-р салангид мото явган цэргийн батальон" баатарлаг үйл ажиллагааныхаа ачаар манай улсын өмнөд хэсэгт байрлах хоёр сууринг чөлөөлөв гэжээ.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Кирило Тимошенко Украины өмнөд хэсэгт байдаг тосгоны дээр Украины далбааг мандуулж буй цэргүүдийн зургийг нийтэлжээ. "Высокопилля. Херсон муж. Украин. Өнөөдөр” гэж Тимошенко бичжээ.
Эх сурвалж: Theguardian