/2022.09.05/: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаарх мэдээллийг мэргэжлийн байгууллагын удирдлагууд өглөө.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд:
-Өнгөрч буй хугацаанд нийслэлийн гудамж замд 481 алба хаагч хяналт тавьж, үүрэг гүйцэтгэсэн. Хяналт шалгалтаар 38,529 зөрчил, камерын хяналтаар 26,496 зөрчлийг илрүүлж ажилласан. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1023, согтуугаар зам тээврийн осол хэрэг гаргасан 23 зөрчлийг илрүүлэн баримтжуулан шалгаж байна.
14 хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албанд 3615 дуудлага мэдээлэл ирсэн. 3500 нь зам тээврийн осол аваар гарсны улмаас 48 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэдний 33 нь явган зорчигч юм. Осол аваарын дуудлага өнгөрсөн оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулж ажиллалаа. Энэ ажлын үр дүн сайн гарсан бөгөөд ерөнхий боловсролын сургууль орчимд элдэв хэрэг зөрчил гараагүй, иргэд дугаарын хязгаарлалтад идэвхтэй оролцсон гэв.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням:
-Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 38, усны холбогдолтой гурав, аврах ажиллагааны долоо, өндрөөс аврах ажиллагааны нэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Өнгөрсөн оны мөн үеэс дуудлагын тоо 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Туул, Хэрлэн, Тэрэлж голын завьт эргүүл гаргасны сацуу тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хяналт шалгалтаар 15 ширхэг тарваганы мах илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгсөн.
Есдүгээр сарын 5-ны байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс туурах өвчин дөрвөн аймгийн найман суманд тус тус бүртгэгдсэн. Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулж байна гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ