/2022.9.1/ Рио Тинто Монгол компани Засгийн газартай гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сард хийсэн билээ.
Энэ хэлэлцээр эцэслэгдэх хүртэл багагүй замыг туулсан бөгөөд үүнд жижиг хувьцаа эзэмшигчид ихээхэн нөлөө үзүүлсэн гэхэд хилсдэхгүй. Харин одоо ямар нэгэн дундын нөлөөлөл, элдэв саадгүйгээр Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани шууд харилцан, хамтран ажиллах боломжтой болжээ.
Рио Тинто компани нь "Туркойс Хилл Ресурс"компанийн 51 хувийг эзэмшдэг. Үлдсэн 49 хувьд ноогдох хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдээс худалдан авах саналыг Рио Тинто энэ гуравдугаар сард тавьсан. Энэ саналыг "Туркойс Хилл Ресурс" компанийн ТУЗ-өөс байгуулсан хөндлөнгийн Тусгай хороо бүрэн дэмжсэн байна.
Одоо хувьцаа эзэмшигчдийнхээ дунд санал хураалт явуулах ажээ. Уг санал хураалт энэ оны дөрөвдүгээр улиралд болно гэж Рио Тинто компаниас мэдээлж байна. Мэдээж, жижиг хувьцаа эзэмшигчдийн олонх нь зөвшөөрөх шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газраас Рио Тинто компанийг засаглал, ил тод байдлаа сайжруулахыг шаардаж байсан. Тэгвэл өнөөдрийн шийдвэр нь энэ асуудлыг нааштай шийдэх нэг боломж байж болох юм. Энэ шийдвэрийн талаар Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Япоб Стаусхолм:
-Рио Тинто компани Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж, Оюу толгой төслийг урагшлуулахад онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ хэлцэл нь гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлээд буй чухал цаг үед компанийн засаглалыг тодорхой болгож, цаашид хийгдэх ажлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх, мөн Оюу толгой төслийн санхүүжилт, урт хугацааны амжилтыг бататгахад чухал алхам болно гэв.
Рио Тинто компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд:
-Туркойс Хилл Ресурс компанийг худалдан авах манай санал хэрэгжвэл төслийн хувь эзэмшлийн бүтэц илүү энгийн болно. Мөн Рио Тинто компани хувь эзэмшигчийн хувиар "Эрдэнэс Оюу Толгой" компани, Монгол Улсын Засгийн газартай шууд хамтран ажиллаж бүх талуудад урт хугацааны үр өгөөж бий болгох боломж бүрдэнэ гэлээ.