“Хувийн дунд сургуулиуд гадагшаа чиглэх байсан валютын их урсгалыг ЗОГСООЖ ЧАДСАН“
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хувийн дунд сургуулиуд гадагшаа чиглэх байсан валютын их урсгалыг ЗОГСООЖ ЧАДСАН“

"Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо"-ны Удирдах зөвлөлийн төлөөлөл Д.Бямбабаатар

/2022.8.18/ “Боловсролын хяналт-шинжилгээний ДЭЛХИЙН ТАЙЛАН: 2022” энэ жил “Боловсролын салбар дахь төрийн бус оролцогч талууд: Хэн сонгож, хэн алдах вэ” сэдвээр гарлаа.

Энэхүү тайлангийн дүн, зөвлөмжийг боловсролын салбарын талууд хэлэлцсэн юм. ЮНЕСКО-ийн төлөөлөгчид, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Г.Мөнхцэцэг, Ц.Цэрэнпунцаг, Д.Сарангэрэл нар болон “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, “Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо” зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцсон.

Ингээд бид эхний удаад “Бүх нийтийн боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалагийн тавьсан илтгэлээс сонирхуулсон. ЭНД ДАРЖ энэхүү илтгэлийг хүлээн авах боломжтой.

Харин энэ удаад "Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо"-ны Удирдах зөвлөлийн төлөөлөл Д.Бямбабаатар илтгэлийг хүргэж байна.

Илтгэлийг БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ боломжтой:

ХУВИЙН ХЭВШЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БОЛОВСРОЛЫН
САЛБАРТ ОРУУЛЖ БУЙ ҮҮРЭГ, ОРОЛЦОО

Нэгдүгээрт, Бид боловсролын үйлчилгээнд сонгох эрх чөлөөг бий болгодог. Боловсрол бол үйлчилгээ. Үүнтэй хэн ч маргахгүй. Үйлчилгээ юм бол сонголт байх ёстой. Хүнд маш олон төрлийн ур чадварыг сурах хязгааргүй хэрэгцээ байгаа. Бид энэ хэрэгцээг хангаж боловсролын үйлчилгээний олон сонголтыг бий болгож байгаа. Хүмүүнлэг ардчилсан нийгэм гэдэг нь чухамдаа хүний төлөө бий болгох сонголтын нийлмэл юм.

Хүний эрх, эрх чөлөө гэж ярьдаг бол үүний хамгийн гол шалгуур нь сонгох эрх чөлөө мөн. Боловсролын салбарт сургалт арга зүйн зохих стандартыг хангасан сургуулиуд, ирээдүйн нийгмийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн олон төрлийн онцлог сургалт явуулах зүй ёсны шаардлага байна.

Олон нийтэд стандарт боловсролоос гадна англи хэл, орос, хятад, япон, герман хэл, математик, мэдээллийн технологи, оюуны чадвар, байгалийн ухаан, урлаг спортын зэрэг хүүхдийг зүйл бүрээр хөгжүүлдэг өөрийгөө олоход нь тусалдаг, ирээдүйн гарамгайчуудыг багаас нь бэлтгэдэг, сурган төлөвшүүлэх, сонголт бий болж байгаа онц чухал ач холбогдолтой.

Хоёрдугаарт, Боловсролын салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг бий болгож салбарын хөгжлийг ахиулдаг. Боловсролын зах зээл дээр хувийн хэвшил төртэй, хувийн хэвшил өөр хоорондоо боловсролын сонголтын төлөө шудрагаар өрсөлдөнө гэдэг бол дунд ба урт хугацаандаа хөгжил дэвшлийг авч ирнэ.

Шинийг бүтээх хатуу ширүүн өрсөлдөөнд орж байж хувийн хэвшил ялгарч гардаг. Энэ нь боловсролын салбарыг хөгжүүлэх хамгийн гол хөшүүрэг мөн. Өрсөлдөөн бол хөгжил. Хувийн хэвшил алдаа оноон дундаа өрсөлдөн хөгжиж байгаа. Бид алдаа дутагдлаа залруулаад ажиллаж байгаа.

Боловсролын салбарт нэг ижил стандартын сургууль байх нь салбарын хөгжилд чөдөр тушаа болно. Харин өрсөлдөөнд ялгаран гарсан сайн сургуулиудынхаа арга туршлагыг хуваалцаж хамтдаа ахин дэвших нь чухал. Энэ талаар хувийн хэвшлээс санаачлага гарган ажиллах сургуулиуд бий болж эхэлсэн. Харин хамтын ажиллагааны талаар төрийн зүгээс санаачлага байхгүй.

Гуравдугаарт, сургалтын дэвшилтэт шинэ технологи, арга хэлбэрийг нэвтрүүлдэг. Дэлхийн боловсролын салбарын шинэ бүхнийг хурдан шуурхай, уян хатан байдлаар нэвтрүүлж, салбарынхаа хөгжлийг ахиулахад голлох үүрэг гүйцэтгэж байна.

Одоогийн хүүхдүүдийн боловсролын эрэлт хэрэгцээ үнэхээр өөр болсон гэдгийг мэдэх хэрэгтэй. Хүүхэд багачууд юуг, яаж сурахаа биднээр заалгахгүй хэмжээнд хүрчихээд байна. 40, 50 настай бидний яагаад ч төсөөлөхөөргүй ирээдүйн цоо шинэ сургуулийг бий болгоход аль болох дэмжиж, чөдөр тушаа болчихгүйг хичээх хэрэгтэй болоод байна.

Дөрөвдүгээрт, нийгэмд байгаа хөрөнгө оруулалтыг боловсролын салбар руу шууд хэлбэрээр татдаг. Манай Монгол Улсын үе үеийн Засгийн газрууд боловсролын салбараа анхаараагүй. Эцэг эхийн сургалтын төлбөр, хандивыг хуримтлуулж, сургууль боловсрол хүүхдийн эрдэм ном, ирээдүйн сайн сайхны төлөө зарцуулж байдаг. Улсын сургууль бол татвар хэлбэрээр боловсролд хөрөнгө оруулдаг бол хувийн сургууль эцэг эхчүүд төлбөр төлснөөрөө өөрийн үр хүүхэд төдийгүй монголын боловсролын салбарт хөрөнгө оруулж байна гэж ойлгох нь зүйтэй.

Тавдугаарт, Засгийн газар төлөвлөлт муутайгаас үүдсэн төрийн өмчийн сургуулийн ачааллаас хөнгөлдөг. Сүүлийн 20 жилд сургууль барих өргөтгөх ажлыг Япон улсын Засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрт хариуцуулаад, бараг албатай юм шиг байдаг болсон. Анги дүүргэлтийг стандарт барьж, нэг ээлжээр хичээллэх боломжий бий болгож, багшийн цагийн норм, элдэв төрлийн ачаалалгүйгээр ажиллах боломжийг бий болгож байж монголын боловсрол хөгжинө.

Хувийн сургуулиудын амжилтын нууц ив илхэн. Ердөө нэг ээлжээр хичээллэдэгт л оршиж байгаа юм. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжтэй болгоод эрх баригчид сэтгэл ханаж болохгүй. Биднийг хүүхдүүдэд англи хэл түлхүү үзүүлээд, бусад хичээлийг орхигдуулдаг гэдэг. Бид нэг ээлжээр хичээллэдэг тул хүүхдүүдэд боломжтой цагийг гаргадаг. Бид стандартыг хэзээ ч орхигдуулж байгаагүй, бид хянуулж шалгуулдаг байгууллагатай.

Бүх сургууль нэг ээлжинд орж байж монголын боловсрол хөгжинө. Чанартай боловсролыг эрхэмлэдэг хувийн хэвшлийн сургуулиудын үүрэг ач тус чухал хэвээр байсаар байх болно. Төрийн сургуулийн ачаалал буурч, зохистой хэмжээнд хүрсэн ч хувийн хэвшлийн сургуулийн хэмжээнд очихгүй, чанарт нөлөөлөхгүй. Өөр боловсролын сонголт, эрэлт хэрэгцээ хэзээ ч буурахгүй гэдгийг баталгаатай хэлье.

Бид суралцахуйн хямралын шийдэл биш. Бид өөр эрэл хайгуулын шийдэл юм.

Зургаадугаарт, багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж байдаг. Яагаад багш хүн хувийн сургууль байгуулж, эрдэм мэдлэгээ төлбөртэй түгээж, өнгөтэй өөдтэй амьдарч болдоггүй юм бэ?

Чадвартай багш хүн амьдралд нь хүрэлцэхгүй цалин горьдож, ядуу зүдүүгээрээ насыг барах ёстой гэж аль газрын хүний эрхийн тунхаглалд байдаг юм бэ?

Бид шинэ залуу төгсөгч хүний нөөцийг багш болгон сургаж, салбарын хөгжлөө ахиулж байна. Асуудлыг өөрөөр хардаг, гадаад ертөнцийг өөртөө нээсэн, шинэ үеийн залуу багш нарыг бид бэлтгэж байгаа. Хувийн сургууль, ажил олгогчийн хувьд нийгмийн хариуцлага хүлээн багш ажиллагсадын нийгмийн асуулдыг шийдэхэд ахицтай ажиллаж байгааг дурьдах нь зүйтэй.

Долоодугаарт, дэлхийн шилдэг боловсролоос монгол хүүхэд суралцахад бэлтгэж байгаа. Америк, британи, герман, япон зэрэг улс орны топ их дээд сургуулиудын чанд шаардлагыг хангах хүүхдүүдийг бэлтгэж, тэд маань өч төчнөөн сая долларын тэтгэлэгтэй суралцаж, монгол хүний мөнгийг хэмнэж, оюун ухааны орлогыг оруулж байна. Олон төрлийн хүнд хэцүү тест, эссе, ярилцлагын шалгалтыг гадаад хэл дээр өгөх чадвартай шавь нарынхаа амжилтаар бид бахархдаг.

Наймдугаарт, монгол хүүхдийн боловсролын цагаачлал, эдийн засаг дахь валютын гадагш чиглэсэн урсгалыг эх орондоо тогтоож байдаг.

2000 оны үеэс хавтгайрах шинжтэй болж байсан Эрээн, Хөх хот, Бээжингийн сургууль руу чиглэсэн боловсролын мөнгөн урсгалыг шинэ үеийн муйхар фашист, нацистуудад ад үзэгдсэн хятад хэлний сургалттай бидний хэдэн сургууль тогтоон барьсан юм шүү. Хувийн хэрэг дээр нь “Эрээн хот руу шилжүүлэв” гэдэг хувийн хэрэгтэй хүүхдүүд бий болж байсан шүү. Монгол хүүхдүүд үр ашигтай муутай боловсролд ихээхэн хөрөнгө зарцуулж, хятадын сургуулиудын хөгжилд нэмэр хандив болж байсныг мэдэгдэхүйц багасгасан.

Өндөр төлбөртэй гэж адлагдаад байгаа Американ, Бритиш зэрэг олон улсын сургуулиуд байгуулагдаагүй бол монголчууд бидний ихээхэн хөрөнгө мөнгө хил даван одож, Шанхай, Хонгонк, Сингапур, Сөүлийн олон улсын сургуулиуд монголчуудын мөнгөөр орлогоо зузаатгах байлаа.

Хамгийн чухал нь, монгол хүүхэд бага балчир, шилжилтийн эмзэг насандаа харь орны хатуу чанд сургуулийн дотуур байранд хүйтэн хөндий харьцсан хүн болон хүмүүжих эрсдлээс ангижирч, гэр бүлийнхээ халуун дулаан орчинд, эцэг, эхийнхээ дэргэд хайр халамжинд өсөж том болох эрхээ эдлэхэд хувийн хэвшлийн сургуулиуд үүргээ гүйцэтгэж байна.

Хувийн сургуулиудыг Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг гишүүдийн хэлснээр болиуллаа гэж бодъё. Төрийн сургууль доторх ялгаатай байдлыг бид илхнээ мэднэ. Кембриджийн хөтөлбөртэй төрийн өмчийн сургууль болон алс хязгаар нутгийн сумын сургуулийн ялгааг арилгаж чадах уу?

Тэр ч бүү хэл бүгдээрээ адилхан байдаг социализм, коммунизмд чинь ялгаатай байдал байсаар байсан шүү.

Х.Баттулга: 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж орж, ялалт байгуулна
Х.Баттулга: 2024 оны сонгуульд хэсэг бүлэг хүмүүстэй нэгдэж орж, ялалт байгуулна
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.