МИНИЙ ТУРШЛАГА №16: Хуримаа хийх гэж буй хосууд ЗААВАЛ УНШИХ ТУРШЛАГА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №16: Хуримаа хийх гэж буй хосууд ЗААВАЛ УНШИХ ТУРШЛАГА

/2022.8.18/ Наймдугаар сар дундаа орж, хурим найрууд ар араасаа болох нь тодорхой боллоо. Энэ үед хуримаа хийхээр зэхэж буй хосууд, ирсэн зочдоо сэтгэл дүүрэн цайлж, төлөвлөсөн бүхэн нь ёсчлон биелээсэй хэмээн хүсэж буй. Гэвч хариуцлагагүй, сэтгэлгүй үйлчилгээнээс болж төлөвлөгөө нь санаснаар болохгүй байх тохиолдол бий. Тиймээс энэ удаад хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад Б.Мичидмаа туршлагаа хуваалцаж байна.

МИНИЙ ТУРШЛАГА

Хуримаа хийх гээд рестронаа сонгох гэж байгаа хосууддаа анхааруулга, сургамж болгох үүднээс өөрсдийнхөө хуриманд тохиолдсон азгүй гэх үү туршлагаа хуваалцъя гэж бодлоо.

За ямар ч байсан том ажлынхаа ард гарч гал голомтоо бадраан айл гэр боллоо. Маш их зүйлийг төлөвлөж байсан боловч бүх зүйл санаснаар болсонгүй. Бид 2 анхнаасаа хуримаа гадаа хийхээр төлөвлөж, хуримын өдрөө анх үерхэж эхэлсэн өдрөө хийхээр аль нэгдүгээр сард товлосон байсан.

Цаг агаарыг хэн ч урьдчилж мэдэхгүй болохоор хуримын өдөр маань бороотой байна гэж санасангүй. Мөн хийх газраа ч гэсэн дөрөвдүгээр сард сонгосон /Тухайн компанийн нэрийг хасав/.

Эднийхийг сонгосон шалтгаан нь гэвэл хотын төвд хамгийн том гэгдээд байгаа террас, байрлал сайтай, дээр нь том газар учир үйлчилгээ, хариуцлага сайтай, мөн "Тухайн өдөр ямар ч үйл ажиллагаа авахгүй зөвхөн танайд үйлчилнэ, дотроо заалтай" гэсэн учраас итгэж найдан хамгийн чухал өдрөө даатган гэрээ хийсэн. Урьдчилгаа мөнгөө авахдаа

"Тэр өдөр бүх юм асуудалгүй байна, бид юу хийхээ мэднэ. Та нар зөвхөн өөрсдийгөө л бэлдээд ир" гэх зэргээр тайвшруулж байсан. Үнэхээр л тийм байна байх гэж маш их итгэсэн.

Мөн эднийх чимэглэлгүй учир өөр газартай /байгууллагын нэрийг хасав/ хамтран ажилладаг эднийхээр чимэглэлээ хийлгэвэл 40% хямдардаг гэв. Нийтдээ 9,9 сая төгрөгийн чимэглэл хийж өгөхөөр болсон. Чимэглэл ч мөн адил эрт урьдчилгаа болох сая төгрөгөө хийгээд өдрөө баталгаажуулахад хуримнаасаа 7 хоногийн өмнө чимэглэлээ сонгоход болно гэж хэлсэн. Ирж гэрээ хий гэж нэг ч удаа хэлээгүй учир бид хоёр болчихлоо л гэж бодсон. Гэтэл хуримнаас 15 хоногийн өмнө залгаад

"Танайх манайхаар чимэглүүлэх юм уу? Эсвэл больсон юм уу? Чимэглэл чинь сонголтгүй боллоо, ирж чимэглэлээ сонго" гэсэн. Юу болоод байгааг ойлгоогүй очиход хоёрхон төрлөөс сонго гэсэн. Юун нөгөө хүссэнээрээ чимэглүүлэх, ингэмээр байна гэхээр энэ нь ч болохгүй, тэгмээр байна гэхээр наадах чинь үнэтэй, эсвэл өөр хуриманд гарчихсан, гээд үнэхээр сонин юм ярьсан. За тэгээд сонголтгүй болсон хүн яахав байгаагаар нь чимүүлэхээр болсон.

Голоор явдаг сүүн замын хажуугаар гэрэл тавина гэсэн боловч тавигдаагүй, ширээн дээр цэцэг, лаа гэсэн байхгүй, зочдын нэрс дээр цэцгээр чимүүлье гэсэн тэр нь байгаагүй. За энэ бүхнийг дүүрчээ гэж бодоход зочид маань ирчихсэн байхад чимж дуусаагүй, шуудайнаас тоостой цэцэг гаргаж ирээд чимэглэж эхлэх гэж байсантай бол ярих юм үнэхээр байгаагүй.

Тухайн чимэглэгч байгууллага нь өөрсдөө зохион байгуулж байгаа хуримандаа үнэхээр сэтгэл гаргаж ажилладаг, харин бусдыг нь зүгээр халтуур гэж хардаг юм байна гэж ойлгосон.

За буцаад рестораныхаа үйлчилгээ рүү орьё. За үнэндээ бол үнэхээр үйлчилгээ аваагүй гэж хэлж болно. 16 цагаас хурим эхлэх байтал юу ч бэлэн байгаагүй. Ширээ засагдаагүй, чимэглэл бэлэн биш, зочид хаачихаа мэдэхгүй энд тэнд бөөн замбараагүй байдал хос хоёрыг угтаж авсан үнэхээр ичмээр бас гомдмоор 😢.

  • Ямар ч хүлээн авалт авахгүй гэсэн вип өрөөндөө төрсөн өдөр авчихсан
  • Зөөгч нар нь гадны хувцастай,зарим нь бүр малгайтай цамцтай
  • Ширээн дээр тавьсан уух зүйлс нь менюн дээрхээсээ өөр
  • Ширээний дугаар байхгүй
  • Хос хоёрын толгой ширээний хажууд хөгшчүүлээ суулгах хүндэтгэлийн урт ширээ засагдах байсныг засаагүй (энэ бол арай дэндүү доромжлол байсан)
  • Тавгийн боов,идээ маань нураад уначихсан байсан

Ширээнүүд дээр 10 хүн суулгана гээд бид 2 зочдынхоо нэрсээр нь ширээг нь дугаарлаад хуваарьлаад үүдэндээ тавьсан байсан нь ямар ч хэрэг болоогүй. Зочдоо 7,7-оор суулгаад бүх юм зах замбараагүй болсон. Аав ээж маань ч суух суудалгүй зүгээр л явж байсан гээд бод доо 😢. Тэр өдөр хүний урманд хоол ч идэж чадаагүй. Тийм замбараагүй юм болж байхад зохион байгуулагч нь тааралдаад "Тоог нь гаргачихлаа танайхаас 20 хүн илүү байна" гэсэн. За яахав илүү байсан байж болно, зохион байгуулагч хүн чинь тэр асуудлыг дор нь шийдээд, хүмүүсээ гялс суулгаад дараа нь бидэнтэй тооцоо хийж болно доо. Төрсөн өдөр биш хурим штээ, хүн амьдралдаа ганцхан өдөх хуримаа хийнэ, тэр өдрийг минь энэ газар үнэхээр баллаж чадсан.

250 хүний захиалга өгсөн гэхдээ 270 хүний хоол гарсан танайхаас уучлалт гуйгаад 250-иар тооцоо авсан гэх боловч үнэндээ тийм байгаагүй юм байна гэж хурим болсноос хойш найз нөхөд хамаатан саднаасаа мэдлээ. 11-үүлээ сууж байсан хүмүүсийн дунд ганцхан хоол ирсэн, 10-аараа сууж байсан хүмүүст 2-хон хоол гэх мэтчилэн гомдол надад ирсээр л байна. "Хоол ирэхгүй юм уу" гэхэд зөөгч нар нь "Одоо дахиж хоол гарахгүй штээ" гэж хэлсэн гэсэн. Хоолнууд нь ширээнүүдэд зэрэг зэрэг ирдэг байтал уван цуван ирж байсан. beef steak гэсэн чинь зүгээр чанасан мах.

Хүүхдүүд гэхэд 37 хүүхдээр хоол захиалсан гэтэл хүүхдүүд дунд хэдхэн пицца, тахианы мини бургер. Хүүхдүүд маань өлсөөд дагуулж өөр газар хоол идүүлсэн. Төрсөн өдөр давхар авснаас болоод хүүхдүүд маань хувцас солих өрөөнд байсан гээд бод доо. Бас халбага сэрээгээ бөөнд нь базаж авчирч ирснээ цааш нь тараачих гэж зочдод маань хэлдэг зөөгчтэй ресторан урьд өмнө нь үзээгүй шүү бурхан минь.

Авчирч өгсөн чихэр жимсийг маань аятайхан ч элбэг дэлбэг тавиагүй. Сэтгэлгүй гэхэд дэндүү сэтгэлгүй хариуцлагагүй газар. Бялуу хуваах болоход, хутга байхгүй хөтлөгч маань "Хөөе хутга" гээд дуудаж байж авч ирэх жишээтэй. Зүссэний дараа гялс бялуу авч яваад зочдод тараах ёстой байтал байгаад л байсан.

Зөөгч нар нь зүгээр л юу ч мэдэхгүй дунд сургуулийн хүүхдүүд авчирчихсан. Ширээн дээрх пивонууд нь зөөгч нар нь задлаж өгөхгүй болохоор байгаад л байсан. Бас тэр өдөр бороотой байсан болохоор эхний хэсгийн үйл ажиллагаа гадаа яваад, зочдоо дотогш оруулсан. Бороо орно гэдэг нь 7 хоногийн өмнө тов тодорхой болсон байхад эдний зүгээс "Б төлөвлөгөө гаргах хэрэгтэй юм байна, та нар минь ширээгээ 2 янзаар хуваарилаарай, дотогшоо шилжиж магадгүй байна шүү. Багтаамж багасах нээ, дотор давхар ширээ засалт хийнэ шүү" гэсэн ямар ч зөвөлгөө өгөөгүй, өөрсдөө ч гэсэн ямар ч тийм төлөвлөгөө байгаагүй нь сэтгэлгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Ирсэн бүх зочид маань үйлчилгээг нь мууг нь гайхсаар буцсан даа. Ирсэн зочдод маань бороо бол нөлөөлөөгүй зохион байгуулалт сайтай байсан бол гадаанаас дотогш шилжихгүй дуусгах ч боломж байсан. Энэ газрууд ирж байгаа 200, 300 зочдод тултал үйлчлээд сэтгэл хангалуун гаргавал үүний ард өчнөөн захиалга байгаа гэж боддоггүй юм байх даа.

Хөтлөгч мундаг, урлагийн үзүүлбэрүүд нь давгүй байсан болохоор хурим маань бүр ч бүтэн сүйрчхээгүй дууссанд бага ч гэсэн баяртай байна.

Нэмж хэлэхэд рестронууд юу л гэж юу гэж цэцэг ургуулж болно. 100% битгий итгээрэй. Өөрийн хүмүүсээс 4 хүн ч юм уу заавал зохион байгуулалт, төлөвлөгөөн дээр байлгаарай.

‼️Амласан болгоныг нь сайн бичиж аваад, дараа нь шаардаарай

‼️Гарсан хоол, уух зүйлсийг бүгдийг сайн бүртгээрэй

‼️Хүний тоогоо сайн тоолоорой

Манай улсын хүн ам 2048 онд 5 саяд хүрнэ
Манай улсын хүн ам 2048 онд 5 саяд хүрнэ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.