/2022.08.12/: Эстони улс Шенгений визтэй оросуудыг тус улсад нэвтрүүлэхийг хориглож байгаа тухай Эстонийн Засгийн газар пүрэв гарагт мэдэгдлээ.
Эстони улсаар дамжин өнгөрөх буюу Оросоос Эстони руу ирэх Оросын иргэдийн тоо эрс нэмэгдэж байна" гэж Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Рейнсалу мэдэгдэв.
Уг журам наймдугаар сарын 18-ны өдрөөс хэрэгжих боловч Европын холбооны бусад улсаас олгосон визтэй ОХУ-ын иргэдэд энэ журам хамаарахгүй аж. Түүнчлэн Эстонид удаан хугацаагаар оршин суудаг ОХУ-ын иргэд, Оросын дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн, ачаа тээвэрлэж, зорчигч тээвэрлэж байгаа ажилчид, ойр дотны төрөл төрөгсөдтэйгээ уулзахаар ирсэн хүмүүс, ЕХ-ны хуулиар чөлөөтэй зорчих эрх олгосон иргэд, хүмүүнлэгийн зорилгоор зорчиж буй хүмүүст тус тус хамаарахгүй байхаар тогтоожээ.
"Эстониас олгосон Шенгений визтэй Оросоос ирсэн хүмүүсийг тус улсад нэвтрүүлэхгүй байхаар шийдсэн. Би бусад засгийн газруудад ийм алхам хийхийг уриалж байна" гэж Рейнсалу твиттер хуудсандаа бичжээ.
Чех улс хоёрдугаар сарын сүүлээр Оросын иргэдэд виз олгохоо зогсоосон Европын холбооны анхны улс болсон бөгөөд Финланд, Латви хоёр Европын холбооны бүх улс орнуудаас Оросын аялагчдад бүрэн хориг тавихыг уриалж байна. Финландын Ерөнхий сайд Санна Марин даваа гарагт энэ асуудлыг удахгүй болох ЕХ-ны удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ гэж найдаж байгаагаа мэдэгдэв.
Одоогийн визний хориг арга хэмжээ нь иргэдийг бус Оросын олигархиуд болон Кремлийн ойр дотны хүмүүсийг онилсон гэж тус комисс мэдэгдэв.
Комиссын хэвлэлийн төлөөлөгч Анитта Хиппер пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр ЕХ-ны орнууд "хүмүүнлэгийн тусламж, гэр бүлийн гишүүд, сэтгүүлчид эсвэл тэрс үзэлтнүүд" гэх мэт тодорхой ангиллын хүмүүст үргэлж виз олгодог байх ёстой гэж сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр нэмж хэлэхдээ, Европын холбооны түвшинд гишүүн орнуудтай "зохицуулалттай арга хэмжээ авах" талаар ярилцаж байна гэв.
Эх сурвалж: Politico