"ИНДЭР" булангийн Өөрчлөгчид ярилцлагын хэсэгт орсон "Төсөвт хуримтлуулсан мөнгө "алга болж", амьдрал доройтоод байгаад бид ч буруутай" ярилцлагын ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮДИЙГ хүргэж байна.
Энэхүү ярилцлагын эзэн нь “Үнэн хатамж” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяа юм.
1. Нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч /МУ-ын иргэн/-д 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно гэсэн саналыг эсэргүүцэж байна. ЯАГААД ГЭВЭЛ, хувь хүнд асуудал шийдэх хэмжээний мөнгө очихгүй ч, нийлбэр дүнгээрээ УЛСЫН ТӨСВИЙГ ҮР ДҮНГҮЙ ЗАРЦУУЛАХ ТӨСӨВ.
2.“Орон нутгийн хөгжлийн сан” гээд иргэд өөрсдөө мэдэж зарцуулах ёстой мөнгө бий. Өөрийнх нь гэрийн хажууд, гудамжинд явган зам байхгүй бол, хүүхдийн тоглоомын талбай үгүй бол тэдгээрийг барьж байгуулахад зарцуулах ёстой мөнгийг улсаас төсөв гаргаад өгчхөж байна. Гэтэл хүмүүс саналаа огт өгөхгүй бол өөрсдөө л хохирно. Саналаа цахим хуудсаар, саналын хуудсаар гэх мэт олон янзаар өгөх боломжтой болгож аль болох хүнд ойртуулаад байхад иргэд саналаа өгөхгүй нь олонх.
3.Зөвхөн анх санал өгөх биш, дараа нь хийгдэж байгаа явцад нь барьж байгаа зүйл нь төсөвлөсөн бүх мөнгөөрөө хийгдэж байна уу гэдэг дээр хянаад, дараа нь тэр ажил нь зориулалтын дагуу байна уу, хүлээлгэж өгсөн байна уу гэдгийг хянах боломжтой.
4.Жишээ нь та нэг сумын иргэн байна тийм үү? Тэр сумд жилдээ Орон нутгийн хөгжлийн сангаар 20-30 сая төгрөг хуваарилагдана. Зарим томхон сумдад нь 40-50 сая төгрөг ч байх боломжтой. Ингээд төсөвлөчихсөн мөнгөөр юу хийх вэ гэдгийг тухайн сумын захиргаа сумын иргэдээ цуглуулаад асууна. Гэтэл сумын иргэд нь цуглахгүй бол юу болох вэ? Тэнд байх нэг сэргэлэн нөхөр ах дүү хамаатан саднаа цуглуулаад “За хэдүүлээ энд нэг жижиг цэцэрлэгт хүрээлэн барьчихъя” гээд баталчихдаг. Тэгээд хэрэгтэй үгүйг үл харгалзаад 30 саяын төсвөөр барина гэж батлаад, яг барихдаа 3 саяар ч хамаагүй барьчихна. Хууль зүйн үүднээсээ бүх зүйл асуудалгүй. Хурлаа хийсэн үү, хийсэн, төлөвлөгөөгөө баталсан уу, баталсан, барьсан уу барьсан. Өөрөөр хэлбэл, сумдын иргэд оролцохгүй хянахгүй бол ийм л зүйл болдог.
5.ИТХ-ын баталсан Орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын төлөвлөгөө нь танай дүүрэг, аймгийн шилэн дансан дээр тухайн жилийнхээ нэгдүгээрсарын 10-нд шилэн дансанд тавигдах ёстой. Тэрийг хэн ч олоод харчихаж болно.
6.Иргэнийхээ хувьд “Орон нутгийн хөгжлийн сан-аар хаана юу хийх гэж байгаа талаар надад хариу өгөөч” гээд албан хүсэлт илгээж болно. Нийтийн мэдээллийн хуулийн дагуу албан хариуг ажлын 5-10 хоногт танд өгөх ёстой. Мөн орон нутгийн хөгжлийн санд хяналт тавих иргэний бүлэг байгуулж болно.
7.Улсын төсөв тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-н гэхэд батлагдах ёстой, чадаагүй бол Засгийн газар огцрох үндэслэл ч болно.
8.Хүүхдүүдийнхээ явдаг сургууль, цэцэрлэгийн шилэн дансыг сонирхож тухайн жил юу худалдан авч, ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгааг нь үзэж болно.