
БНСУ-ын Сөүл хотын Канъсо дүүрэг Монгол Улсаас ирэх эмчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор эрүүл мэндийн аялал жуулчлалаа идэвхжүүлж, Монголын зах зээлд чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
2025 онд БНСУ-д нийт 2.01 сая гадаадын иргэн эмчлүүлсэн нь өмнөх оныхоос 71.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүний дотор Монгол Улсаас 35,586 иргэн тус улсад эмчилгээ, үйлчилгээ авсан нь өмнөх оноос 38.3 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү Монгол Улс БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлалын долоо дахь том зах зээл болжээ.
Энэ өсөлттэй холбоотойгоор Сөүл хотын Канъсо дүүргийн төлөөлөгчид 2026 оны аравдугаар сарын 26-наас Монгол Улсад ажиллаж, эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт, арга хэмжээ зохион байгуулсан байна.
Айлчлалын хүрээнд Монголын таван байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр өвчтөний эмчилгээний захиалга авчээ. Мөн нийт 156 удаагийн зөвлөгөө, уулзалт хийсэн бөгөөд БНСУ-ын эрүүл мэндийн болон холбогдох үйлчилгээний есөн байгууллагын төлөөлөл оролцсон байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ewha Womans University Seoul Hospital, Wooridul Hospital, MizMedi Hospital, Magok CHA Women's Clinic зэрэг эмнэлгүүд багтжээ.
БНСУ-ын тал Монголын зах зээлд үргүйдлийн эмчилгээ, шүдний тусламж үйлчилгээ, хүнд өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа түлхүү сурталчлахаар зорьж байгаа аж.
Канъсо дүүрэгт өнгөрсөн онд 5,000 гаруй гадаадын өвчтөн эмчлүүлсэн бол цар тахлын өмнөх 2019 онд энэ үзүүлэлт 6,000 гаруй байжээ.
Ийнхүү БНСУ-д эмчлүүлэх монгол иргэдийн тоо тогтмол нэмэгдэж байгаа нь тус улсын эмнэлгүүд Монголын эрүүл мэндийн үйлчилгээний зах зээлд анхаарлаа хандуулж, өвчтөн татах өрсөлдөөнөө эрчимжүүлж байгааг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.