
Монголчууд “Оюутолгой” ХК-иас анх удаа ногдол ашиг авахаар болсон, үүнийгээ бүр 10 жилээр урагшлуулсан гэх мэдээлэл чихэнд чимэгтэй сонсогдож байсан цаг саяхан. Улсаараа 3 их наядтай болох сургаар "Алаагүй баавгайн арьсыг арав хувааж иднэ" гэдэг нь болж дээр дооргүй уг мөнгийг бодолдоо хэдийнэ үрж дуусгасан.
Засгийн газар нь иргэддээ цонхны цаанаас чихэр долоолгон хууль зөрчиж байж 3 их наядаар "гацсан" гэх нэртэй төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулахаар зэхсэн ч энэхүү санал нь унаж, уг мөнгө Баялгийн санд хуваарилагдах заяанд унасан.
Харин иргэд төрдөө итгэхгүй байгаагаа уламжлан уг мөнгөө хувийн дансандаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн жагсаал хүртэл зохион байгуулсан ч хуульд тэгж заагаагүй тул "боломжгүй" гэх хариу авсан. Төр нь мөнгө зарцуулах болохоор хууль зөрчиж болдог, иргэдэд мөнгө тараах болохоор хуулиа зөрчиж болдоггүй сонирхолтой үзэгдэл болохын зэрэгцээ "Иргэдээс санал асуух" нэрээр цахимаар санал авна хэмээн уянгалсан ч уг санал асуулгад иргэдийн хүсэж байсан хувийн дансандаа авах сонголт байгаагүй нь гачлантай.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудалд өөрийн байр суурийг илэрхийж, баялгийн өгөөжийг иргэн бүрд хүртээх нь цаг үеийн шаардлагад нийцсэн шийдвэр болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Н.Учралд илэрхийлжээ. Ийнхүү энэхүү асуудал хаанаасаа харц хүртэлх бүх хүний анхаарлыг татсан асуудал болоод байна.
Гэвч биднийг өөр хоорондоо ийнхүү алалдаж байх зуур өнөөх хувааж идэхээр зэхсэн ногдол ашиг маань сураггүй болох аюулд унажээ. Учир юу вэ гэвэл Ганцмод боомтын засварын ажил Хятадын талаас удааширснаар “Оюутолгой” ХК ашигт малтмалаа экспортлоход хүндрэлтэй болж, борлуулалтынхаа ердөө дөрөвний нэгийг л чүү ай хийж байгаа аж. Ингэснээр урсгал зардлаа арай ядан нөхөж байгаа Оюутолгой ногдол ашиг болон зээлд төсөвлөсөн мөнгөнөөсөө зардлаа гаргаж эхэлсэн байна.
Энэ тухай “Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Экспортын гацааг шийдэх боломжийг хайсан ч одоохондоо ахиц шийдэл олоогүй байна. Энгийн үед 12-13 цуваа хил гаалиар нэвтэрдэг байсан бол дөрвөөр хязгаарлагдсан. Борлуулалтынхаа дөрөвний нэгийг л гүйцэтгэж байна" хэмээн учирлажээ. Нөгөөтэйгүүр манай улсын Засгийн газар Хятадын талтай зөвшилцөхөөр болсон ч одоог хүртэл дорвитой шийдэлд хүрээгүй байгаа нь үүнд ямар нэгэн улстөрийн нөлөө орж байж болзошгүй гэх хардлага төрүүлнэ.
Эх сурвалжийн дурдаж буйгаар зам засварын ажил ирэх арванхоёрдугаар сарын сүүлээр дуусна гэх. Энэ байдал удаан үргэлжилбэл 3 их наядын ногдол ашиг ёстой л лөөлөө болно. Ерөнхий сайд Н.Учрал ногдол ашгийн 2 их наядыг төсөл хөтөлбөр санхүүжүүлэхэд зарцуулах асуудлыг УИХ дэмжсэн бол энэхүү ногдол ашиг бидний гарт орох нь баталгаатай болох байсан гэх утга бүхий зүйл ярьсан. Гэвч “Оюутолгой” ХК ногдол ашиг олгох талаар ярилцаж байгаа гэх хариу хэлээд байгаа нь үнэн хэрэгтээ бид мөнөөх алаагүй баавгайн арьсаа арав битгий хэл хуваагаад идчихсэн гэдгийг батлах шиг.
Ямартай ч иргэд энэхүү ногдол ашгийг хувийн дансандаа авна гэх бүх нийтийн өргөдөлд 100 мянгуулаа гарын үсэг зурчхаад байгаа. Гэтэл үнэн хэрэгтээ ашиг хүртээх гэж буй компани нь хүнд байдалд орсон, ашиг өгөх эсэх нь ч тодорхойгүй нөхцөл байдалд байсаар байна.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.