/2025.06.02/
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа.
1. “МОНГОЛ, ТУРКМЕНИСТАНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ”
Талууд улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг онцоллоо.
2. “ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,
Хамтарсан комисс байгуулж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техник, технологи, дээд боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, соёлын салбарын асуудлаар хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтуудыг хоёр жилд нэг удаа зохион байгуулна.
3. “ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдээлэл, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг арга хэмжээ хэрэгжүүлнэ.
4. “ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАРТ 2026-2028 ОНД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ДУНД ХУГАЦААНЫ ХӨТӨЛБӨР”-Т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд Ходжамырат Гелдимурадов,
2026-2028 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойллоо. Худалдааг өргөжүүлэх зорилгоор харилцан солилцох боломжтой бараа, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг харилцан дэмжих, жижиг, дунд бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, тээвэр, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулалт, барилга, мал эмнэлгийн чиглэлээр хамтран ажиллана. Бизнес форум тогтмол зохиож, хоёр улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ шат дараатай таниулна.
5. “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН 2026-2027 ОНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-Т
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг, Туркменистан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Рашид Мередов,
Яам хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж, мэдээлэл солилцоно.
6. “ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-Т
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Жадамбаагийн Энхбаяр, Туркменистан Улсын Хөнгөн үйлдвэрийн сайд Нурмухаммет Оразгелдиев,
Хамтын ажиллагааны тодорхой чиглэлийг харилцан тохиролцож, ялангуяа нэхмэл, оёдлын үйлдвэрлэлийн чиглэлд харилцан ашигтай хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Туркменистан Улсад Швейцар, Герман, Итали, Бельги, Япон зэрэг орны өндөр технологи бүхий 80 гаруй төрөл бүрийн томоохон оёдлын цогцолбор үйл ажиллагаа явуулж байна.
7. “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, ТУРКМЕНИСТАН УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-Т
Монгол Улсын Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Туркменистан Улсын Боловсролын сайд Джумамырат Гурбангелдиев,
Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцах болон судалгаа хийх тэтгэлгийг харилцан олгох, боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх талаар мэдээлэл солилцох, зөвшилцөх замаар хамтын ажиллагааны таатай нөхцөл бий болгоно.
8. “УЛААНБААТАР БОЛОН АШХАБАД ХОТ ХООРОНД АХ ДҮҮГИЙН ХАРИЛЦАА ТОГТООХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ТУРКМЕНИСТАН УЛСЫН АШХАБАД ХОТЫН ЗАХИРГАА ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”-Т
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Хишгээгийн Нямбаатар, Туркменистан Улсын Шадар сайд Баймырат Аннамаммедов,
Нийслэл хотууд харилцан итгэлцэл, бие биеийн сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан инновац, худалдаа, эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл, спорт, аялал жуулчлал болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж, хотуудын албаны төлөөлөгчид болон аж ахуйн нэгжийн солилцоог дэмжинэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.