/2025.02.25/
Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг тусган хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Тухайлбал, эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил зэрэг 14 мега төслийг хэрэгжүүлж, хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар, засаглалын үзүүлэлтийн дунджийг 10 байраар ахиулах, ядуурлын түвшнийг хоёр дахин бууруулж, 14 хувьд хүргэх, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх зэрэг томоохон зорилтуудыг хангахад төрийн бодлого үйл ажиллагаа чиглэгдэж байгааг дурдав.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн эдгээр бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн захиргааны байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт тавих хариуцлагатай үүргийг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар хариуцан ажиллаж байгааг онцлов.
Аливаа байгууллагын урт хугацаанд амжилттай ажиллах үндэс нь эрсдэлийг урьдчилан тооцоолж, үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, үйл ажиллагааныхаа тогтвортой байдлыг хангах явдал хэмээгээд, төрийн байгууллагууд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр засаглал сайжирч, бүтээмж нэмэгдэнэ гэв.
Иймээс томоохон шийдвэр гаргалт, үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн учрах эрсдэлийг илрүүлэн таньж, тэдгээрээс урьдчилан сэргийлэх стратегийг төлөвлөн хэрэгжүүлж хэвших нь нэн чухал байна. Тиймд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх талаарх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, эрсдэлийн засаглал, соёлыг төлөвшүүлж, тогтолцоог бэхжүүлэхийг тэргүүлэх чиглэл болгон идэвх санаачилга гаргасныг дэмжиж, хамтран ажиллаж байгаа явдалд та бүхэнд талархлаа илэрхийллээ.
Мөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхийн ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.