С.Оюунтуяа: Саналаа өгөх гэж буй сонгогчид тухайн байгууллагын удирдлага ЧӨЛӨӨ ОЛГОХ ЁСТОЙ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Оюунтуяа: Саналаа өгөх гэж буй сонгогчид тухайн байгууллагын удирдлага ЧӨЛӨӨ ОЛГОХ ЁСТОЙ

/2024.10.02/ Сонгогчдын Боловсрол Төвийн Гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр дөхөж байна. Танай “Сонгогчийн лавлах утас”-д давтамж өндөртэй ирж байгаа дуудлагуудаас яриагаа эхлэх үү?
-Хэдхэн хоногийн дараа буюу аравдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр тохиох нь. Сонгогчийн лавлах утсанд хамгийн их асууж байгаа зүйл бол мандатын тоотой холбоотой саналаа яаж өгөх вэ гэдэг асуулт байна. Хоёр дох нь сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна биз дээ гэж их асууж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд тойрогт ногдох мандатын тооноос илүү тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцохоор зохицуулсан. Өөрөөр хэлбэл, сонгогч тухайн тойрогт ногдох мандатын тооноос илүүгүй саналыг тэмдэглэх бөгөөд мандатын тоог дээд хязгаар гэж ойлгоод дутуу тэмдэглэж болно гэсэн үг. Улсын Их Хурлын сонгууль ойрмогхон болж өнгөрсөн тул мандатын тоотой тэнцүү санал өгч байснаа бодоод сонгогчид эргэлзээд байх шиг байна.

-Сонгуулийн санал авах өдөр хуулиараа бүх нийтийн амралтын өдөр байдаг, орон нутгийн сонгуульд бас хэвээрээ юу?
-Аравдугаар сарын 11 буюу санал авах өдөр мэдээж бүх нийтээр амрах өдөр. Гэхдээ бүх нийтээр амрах өдөр болгож байгаа нь сонгогчдод саналаа өгөх боломжийг олгож байгаа хэрэг юм. Сонгуулийн үндсэн зарчмын нэг нь бүх нийтийн байх. Бүх нийтийн байна гэж юуг хэлж байна вэ гэхээр сонгуульд оролцох боломж бүгдэд нээлттэй байх тухай асуудал. Яагаад гэхээр засгийн эрхээ барих, улс орноо удирдах амин чухал эрхийг нь хангалттай эдлүүлэх гэж тэр шүү дээ. Тэрнээс биш амраад, аялаад, юу дуртайгаа хийгээд явах өдөр биш л дээ.

-Гэхдээ сонгуулийн өдөр ялангуяа үйлчилгээний байгууллагууд олноороо ажилладаг шүү дээ, тэнд ажиллаж байгаа хүмүүс яах билээ?
-Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах ёстой. Өмнө дурдсан сонгуулийн бүх нийтийн зарчимыг хангаж буй хэрэг л дээ. Хэрвээ чөлөө өгч саналаа өгөх боломжоор хангахгүй бол тухайн ажил олгогч Зөрчлийн тухай хуулиар нэлээд өндөр дүнтэй торгууль төлөх хэрэг гарна. Түүнчлэн санал авах өдөр олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, зах, худалдааны төвүүд ажиллахыг хориглодог. Энэ бүгд юуг хэлж байна вэ гэхээр сонгуулийн өдөр бол саналаа өгдөг, сонгох эрхээ эдэлдэг өдөр шүү гэдгийг онцгойлон сануулж буй хэрэг юм.

-Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад орон нутгийн хурлын сонгуулийн сонгогчдын ирц бага байгаад байдаг, таны бодлоор энэ нь юутай холбоотой байна вэ?
-Энэ асуултад шууд хариулахад их төвөгтэй л дөө. Хамгийн эхний шалтгаан бол сонгогч бид нар орон нутгийн хурлын сонгуулиар байгуулагддаг тэр байгууллага, институцийн талаар бага мэддэгтэй холбоотой байх. Өөрөөр хэлбэл Иргэдийн төлөөлөгчийн хурал, Иргэдийн Хурлын төлөөлөгч гэж хэн юм, ямар байгууллага юм, ямар бүрэн эрх, чиг үүрэгтэй юм, нутгийн өөрөө удирдах байгууллага гэж юуг хэлээд байгааг ойлгохгүй байна.

Нөгөө талаас энэ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага, түүний бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж ажилладаг орон нутгийн захиргааны байгууллагын хийж буй ажил, бүтээн байгуулалтууд иргэдийн өдөр тутмын амьдралд өгөөжөө өгдөггүй, амьдралын чанарт нь дорвитой нөлөөлдөггүй байж болох талтай.

Уг нь бол иргэдэд хамгийн ойр байж асуудлыг илрүүлж шийдэж, хамтарч ажилладаг байгууллага. Харин сонгогчид тулгамдсан асуудал бүрээ Улсын Их Хурал, засгийн газар шийднэ гэж боддог. Эдгээрээс гадна бидний нүүдэлчин ахуй амьдрал бас нөлөөлж байх шиг. Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар сонгогч байнга оршин суугаа газрынхаа харъяа хэсэгт саналаа өгнө. Гэтэл ихэнх их, дээд сургууль улсын нийслэлдээ байна, тэгэхээр оюутнуудад үндсэн хаяг руугаа очиж саналаа өгөхөд бэрхшээлтэй. Мөн уул уурхайд ажиллаж буй сонгогчид уртын ээлжээс болоод үндсэн хаяг дээрээ саналаа өгөх энэ хуулийн шаардлагаас болоод саналаа өгөх боломжгүйд хүрдэг.

Орон нутгийн сонгууль нь газар тариалан, ургац хадлан, өвөлжилтийн бэлтгэл гээд улирлын чанартай ажлуудтай яг давхцаж таараад байна. Тэгэхээр их олон шалтгаан байна даа. Цаашид харин орон нутгийн сонгуулийн ирц, оролцоог нэмэгдүүлэх, сонгуулийн эрхийг хангахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй байгаа юм.

Яагаад сонгууль хийгээд байна гэхээр олонхиороо асуудлаа шийдэх гээд байгаа хэрэг шүү дээ, тэгэхээр цөөхөн хүмүүсийн саналаар үр дүн нь гардаг болчихбол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд, нөгөө талаас сонгуулиар байгуулагдсан байгууллагын гаргаж буй шийдвэр нь олонхийн хүсэл сонирхлыг хангаж байгаа эсэхэд эргэлзээ төрнө.

-Та түрүүнд хэлэхдээ хурлын байгууллага буюу нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар иргэдийн мэдлэг хомс байна гэсэн, та сонгогчдод ямар байгууллага болох талаар нь хэлж өгөөч
-Бид сонгуулиар Иргэдийн Хурлын төлөөлөгчөө сонгоно, эдгээр төлөөлөгчид Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа бүрдүүлдэг.

Монгол Улсын Үндсэн хуулинд хурлын байгууллага буюу нутгийн өөрөө удирдах байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн асуудлаар өөрөө мэдэж шийдвэрлэх, орон нутгийнхаа өмчийн эрхийг хэрэгжүүлэх, тухайн нутаг дэвсгэртээ татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрхтэй байгууллага юм.

Нутаг дэвсгэрийнхээ хүрээнд тулгамдаад байгаа асуудлаа өөрсдийнхөө өмч хөрөнгө, эдийн засгийн боломж бололцоо, онцлогтоо тулгуурлан шийдвэрлэдэг. Хурлын Төлөөлөгч нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж ажиллах ёстой болохоос сонгож дэвшүүлсэн нам, өөрийн хамаатан садан, нутаг нугынхаа эрх ашигт үйлчлэх ёсгүй.

-Жишээлбэл?
-Хамгийн энгийн жишээ бол хотын бидэнд одоо хамгийн их тулгамдаж буй асуудал бол аюулгүй байдал байна гэж би боддог. Гараад алхахад аюулгүй, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд аюулгүй, агаарын бохирдол нь аюулгүй, хөрс нь эрүүл мэндэд аюулгүй, хүүхдийн тоглоомын талбай нь аюулгүй, гэр хорооллын гудамж нь гэрэлтүүлэг бүхий аюулгүй байх гээд. Тэгэхээр аюулгүй байдлын энэ асуудлыг анхаарч шийдвэрлэх бүрэн эрх чиг үүрэг нийслэлийн хурлын байгууллагад байна, тэд нийслэлээ хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвөө баталж, хамгийн түрүүнд хийх төсөл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаа төлөвлөдөг. Бид ч гэсэн нийслэлийн иргэний хувьд нийслэлийн татвараа төлдөг, тэгэхээр бидний төлсөн татвараар юуг, яаж хийх талаар бодлого тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх хотын даргыг санал болгож, сонгох эрх мэдэл хуралд байна. Иймээс л иргэдэд ойрхон гэж хэлээд байгаа юм.

-Сонгогчдын ирцэд нөлөөлж байгаа олон шалтгаанууд байгааг та дурдлаа. Танай байгууллагын хувьд оруулж чадах хувь нэмэр юу байна?
-Манай байгууллагын дүрмийн болоод үйл ажиллагааны гол зорилго бол сонгогчдын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдод мэдлэг, мэдээлэлтэйгээр сонгуульд оролцох боломж, бололцоог бий болгохын төлөө зорьж ажилладаг. Энэ удаа ч мөн адил Сонгуулийн ерөнхий хороотой хамтран сонгогчийн лавлах утсаа ажиллуулж байна. Манай 1800-2800 лавлах утаснаас аль нэг талыг баримтлаагүй, хууль нийцсэн, үнэн зөв, бодитой мэдээллийг хүлээн авах боломжтой. Сонгуулийн үйл явц их нарийн төвөгтэй, адармаатай шүү дээ, тэгэхээр сонгогчдод мэдээлэл хүргэх ажил бол сонгогчдын оролцоо нэмэгдэх, сонгууль шударга, чөлөөтэй зохион байгуулахад маш том хувь нэмэр болдог.

-Сонгогч орон нутгийн сонгуульд хэрхэн санал өгөх тухай та манай уншигчдад тайлбарлаж өгөөч?
-Сонгуулиар бид аймаг, нийслэлийн болон сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчийг сонгоно. Өөрөөр хэлбэл 2 шатны хурлын сонгуульд санал өгөх юм.

Нийслэлийн сонгогч бол нийслэлийн хурлын төлөөлөгчөө, бас дүүргийн хурлын төлөөлөгчөө сонгоно. Харин хөдөө орон нутгийн сонгогч бол аймгийн хурлын төлөөлөгчөө, бас сумын хурлын төлөөлөгчөө сонгоно.

Тэгэхээр саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд тухайн тойргийн мандатын тооноос илүүгүйгээр саналаа тэмдэглэнэ. Мандатын тоо харилцан адилгүй тул сонгогч саналаа тэмдэглэхээс өмнө саналын хуудасны зааварчилгаатай сайтар танилцаж, уг зааврын дагуу саналаа тэмдэглэнэ. Алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол дахиад саналын хуудас авах боломжтой.

-Та орон нутгийн сонгуультай холбоотой сонгогчдод нэн түрүүнд юуг захиж хэлэх вэ?
-Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаж баталгаажуулах шаардлагатай байна. Нэрээ шалгахдаа өөрийн хаяг дээр бүртгэгдсэн бусад сонгогчдоо шалгачих хэрэгтэй байх. Мөн бүртгэлээс өөрийн саналаа өгөх байр хаана байгааг мэдээд авчих. Тэгээд сонгуулийн өдөр санал авах байр руу очих нь л хамгийн чухал шүү дээ. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнг саналаа өгөхөөр санал авах байр руу очсон сонгогчид л шийддэг болохоос хөндлөнгөөс хараад шүүмжлээд сууж байгаа нөхдүүд шийддэггүй.

Гэхдээ санал авах байр руу очихоос өмнө хэн нь хэн бэ, ямар бодлого мөрийн хөтөлбөртэй байна, юу амлав гэдгийг бас мэдэж байж очих хэрэгтэй, сонгууль бол нөгөө талаараа сайныг шилж сонгож буй хэрэг юм.

Тэгэхээр хэн итгэл дааж, хэн намайг хариуцлагатай төлөөлж, бидний мөнгийг бидний төлөө зүй зохистой хуваарилж, тулгамдаад байгаа асуудлын зөв, гарц шийдлийг олох вэ гэдгийг нягтлах нь чухал шүү. Дараагийн бас нэг сануулж хэлэх зүйл бол орон нутгийн хурлын сонгуулийн санал авах хугацаа Улсын Их Хурлын сонгуультай харьцуулахад богино, тиймээс аль болох эрт санал авах байрыг зорих хэрэгтэй. Санал авах цаг өглөө 7 цагт эхэлж, 20 цагт дуусдаг.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны нээлт боллоо
“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны нээлт боллоо
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.