\2024.05.31\ Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь хурлыг 2024 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Манай улсад болж буй Зөвлөлдөх хорооны 48 дахь хурал нь “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн дор гишүүн улсуудын бүс нутгийн салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ахиц дэвшил, тэдгээрт нөлөөлсөн хүчин зүйлс, техникийн хамтын ажиллагааг үр дүнтэй хөгжүүлэх, цаашид анхаарах сэдвүүдийн талаар санал солилцож буй.
Коломбын төлөвлөгөө байгууллагад Ази, номхон далайн бүс нутгийн 28 улс гишүүнчлэлтэй бөгөөд Монгол Улс 2004 онд гишүүнээр элсэн орсон юм. Энэ удаагийн хуралд Коломбын төлөвлөгөө байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл болсон нийт 50 гаруй гадаадын зочин, дотоодын 100 орчим төлөөлөгч оролцож байна.
Эх сурвалж ХЗДХЯ