/2024.05.06/: Боловсрол, шинжлэх ухааны сайд Булган аймгийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчидтай уулзлаа
Энэ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Булган аймгийн төвийн цэцэрлэг, сургуулийн эцэг, эх, асран хамгаалагчидтай 2 удаагийн уулзалт зохион байгууллаа.
2022 оны чанарын судалгааны үр дүн болон сүүлийн 2 жилийн гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцав. Чанарын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, багаар ажиллах чадварыг сайжруулах шаардлагатай. Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, хими, биологийн хичээлийн үзүүлэлтүүд сайжирсан байна.
Eduten платформыг Хялганат, Эрдмийн өргөө сургуулиуд хамгийн өндөр буюу 96-98 хувьтай ашиглаж байна. Дэлхийн 80 орны 990 сая сурагч ашиглаж буй Pearson платформыг Монголын сурагчид адил түвшинд ашиглаж байгаад эцэг эхчүүд талархалтай байв. Сураад платформын сүүлийн 3 сарын харьцуулалтыг харахад хүүхэд нэг бүрийн гүйцэтгэлд 50-аас дээш хувийн ахиц гарчээ.
Medle цахим сургуульд Булган аймгаас 300 сурагч сурч байгаа бол After school платформ дээр 352 сурагч бүртгэлээ баталгаажуулж хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаанд хамрагдаж байна.
Аймгийн бүх сургууль Mlab платформд бүртгэлээ 100 хувь баталгаажуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, кабинет лабораторийн нөөцөө тодотгосон бол Гэрэгэ систем дээр түрээсийн сурах бичгийн төлбөрийн гүйцэтгэл 50 хувьтай байна.
Ерөнхий боловсролын сургуулиудад эмч, сэтгэл зүйч, хоол зүйч дутагдалтай байна. Сайдын зүгээс эдгээр орон тоо, цалингийн санг шийдвэрлэж, сургууль бүр эмч, сэтгэл зүйч, хоол зүйч ажиллуулах нь үр дүнтэй гэдгийг онцлов.
Эх сурвалж: БШУЯ