/2024.04.26/: Дунд сургуулийн сурагчид дүрсгүйтэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгний эд хөрөнгө сүйдэлжээ.
Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байгаа аж.
Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа 3, дотор талдаа 4 камераар бичлэг хийж баримтжуулан 2 сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай.
Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна.
Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна.