АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ №3: Холбооны Ардчилсан Непал Улс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ №3: Холбооны Ардчилсан Непал Улс

Map of Federal Democratic Republic of Nepal Stock Photo by ©lostation  110466564

Ээлжит аяллаараа Эверестийг зорьж Будда Гаутамагийн төрсөн нутаг Балбад очлоо. Монголчуудын хувьд эртнээсээ Бурхан багшийн төрсөн нутаг (Лүмбини), Балбын дархцуулын хийц, бурхан шүтээн их танил, алдартай.

Албан ёсны нэр нь Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Непал Улс. Гималайн нурууны өвөрт, Энэтхэг, Хятадтай хиллэнэ. Хоёр том хөрштэй, далайд гарцгүй, орлогын зөрүүг илэрхийлдэг GINI индекс гэх мэт бидэнтэйгээ ижил төстэй зүйл их. Хоёр танхимтай парламентын засаглалтай, олон янзын шашин шүтлэгтэй олон үндэстэн ястан амьдарна. Албан ёсны хэл непали нь дэлхий дээр 19 сая хүний унаган, 14 сая хүний хоёрдох хэл юм.

Хойд нутаг Гималайн уулсаар цөөн, урд зүг Инд-Гангын бүсд олон хүн амьдарна. Катмандугийн хөндийд суурьшил НТӨ 300 онд үүссэн гэж үзэх ба невар үндэстний уугуул нутаг. Бурхны шашны их хөлгөний саж урсгалыг баримталдаг неварчууд төв Азийн урлаг, соёл, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, барилга архитектурт хүчтэй нөлөө үзүүлсэн. Юань гүрний үед Хубилай хааны ордонд очиж, Бээжингийн Цагаан суваргат сүмийг барьсан уран гартан Арнико нь невар хүн байжээ. Чухам энэ хүн Тайванийн үндэсний музейд хадгалагдаж байгаа Хубилай хаан, Чаби хатны хөргийг зурсан гэж үздэг юм байна.

Катмандугийн хөндийд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн долоон цогцолбор байгууламж бий.

Kathmandu City tour

  1. Хааны ордон байгууламж

Катманду, Бахтапур, Лалитпур гэх залгаа гурван хотын өв. Эдгээр гурван хот гурвуулаа өөр өөр чиглэлд гар урлал хөгжсөн тэр нь ч барилга байгууламждаа тусгалаа олжээ.

-Kathmandu Durbar Square буюу сүм шүтээн хамгийн олон цогц байгууламж

Уг талбайд олон бурхдад зориулсан мөргөлийн сүм хийд, байгууламж байна. Уг талбайд байгаа архитектур байгууламж бүгд түүхтэй, тус бүртээ өөр өөр, сонин содон, хийц уртай. Малла угсааны хаад (XII-XVIII зуун) болон гурха хаан Шахын угсааныхан 2008 он хүртэл уг талбайгаас улс орноо удирдаж байжээ. Непалын түүх, соёлыг ойлгоё гэвэл уг талбайгаас аяллаа эхлүүлэх нь зөв. Хиндү шашны төрөл бүрийн бурхдад зориулсан шүтээн, сүм, хийдийн цогцолбор байгууламж энд байна.

Жишээ нь амьд бурхан Кумари гэхэд 32 төгс төгөлдөр шинжийг агуулсан байдаг ба бага насны охиныг биений юм ирэх, эсхүл гэмтэл бэртлээс цусаа үзүүлэх хүртэл нь бурхнаар өргөмжлөн залж, хөл газар хүргэхгүйгээр тахин шүтнэ. Энэ тухай баримтат кино арваад жилийн өмнө үндэсний телевизээр гарч байсан. Тэр Кумари гэх амьд бурхны ордон мөн тэнд байна. Өглөө эртлэн очвол харах боломжтой. Тэр охиныг Малла удмынхны шүтээн Талежу бурхны сүнс гэж үзэх ба хиндү шашны Дурга буюу мөнгөний бурхан юм. Кумари болох охиныг бурхны шашинт невар үндэстний алт, мөнгөний дархцуулын охид дундаас нарийн шалгуураар сонгоно.

BHAKTAUR DURBAR SQUARE БУЮУ ҮНЭН ШАШИНТНЫ ТӨВ БАКТАПУР

Bhaktapur Durbar Square | Visit Last minute | Old city .

Неварчуудын нутаг, Малла хааны засаглалын эхэн дунд үед Непалын нийслэл байжээ. Дундад зууны үед баригдсан мод сүм хийд, байгууламж дүүрэн. Хамгийн содон сонирхолтой барилга нь 1702 онд барьсан таван давхар модон сүм Натапола. Барилгыг сал мод буюу Маяа хатан хүү Гаутамаг уг модны дор төрүүлсэн гэх ба бурхан Буддаг нас нөгчихөд эргэн тойронд нь байсан дөрвөн сал модны навч гэнэт цав цагаан болсон гэх. Энэ модоор Буддагийн төрөхөөс үхэх хүртэл амьдрал, мөнх бусыг бэлгэддэг.

Одоогоос есөн жилийн өмнө 2015 оны дөрөвдүгээр сарын 25-нд Рихтерийн шаталбараар 7.8 магнитудын газар хөдлөлт Катманду хөндийд болж, олон уран барилга эвдэрч, нурсан, гэмтсэн байна. Түүнийг сэргээн засварлахад гадаад улс орнууд ч их тусалжээ. Ер нь Катманду хөндий тэр чигээрээ уг газар хөдлөлтөөсөө өндийгөөгүй л байна. Цементийн шороо пургилсан, агаарын бохирдлын түвшин аймшигтай, дэлхийд дээгүүр давхина. Хажууд нь манай Улаанбаатарын 100 айл орчим үлгэр жишээ цэвэрхэнд тооцогдохоор. Непал улс газар хөдлөлтийн маш идэвхтэй бүсд хамаардаг, байж байгаад л хөдлөөд байдаг бололтой юм.

PATAN DURBAR SQUARE ТӨМРИЙН ДАРХЧУУЛЫН НУТАГ ПАТАН

Катмандугийн хөндийн хамгийн эртний хот Лалитпур нь Багмати голын нөгөө эрэгт байна. Патан талбайн дөрвөн буланд байх суваргыг Ашок хааны үед НТӨ III зуунд босгожээ. Мөн л ялгаагүй маш эртний түүхтэй, олон олон соёлын өвийн барилга байгууламж байна. Тус бүртээ түүх, урлаг, өв соёлыг агуулна. Манай улсад их дэлгэрсэн балба хийцийн сангийн бойпор, бурхан шүтээн нь чухам эндээс иржээ. Балбын дархцуул уртай гэдэг үг ч эндээс гаралтай.

  1. Буданат, Соёмбунат суварга

How big is the Boudhanath Stupa? Archives - Alpha Adventure Treks

Жарон Хашор гэж төвдөөр нэрлэгддэг бурхны шашны томоохон шүтээн Буданат суварга Катманду хотын төвд байна. Уг суваргыг тойрон өглөө оройгүй гороолж буй эргэл мөргөлчид дүүрэн. Дотор тойрогт нь сунаж мөргөж, өдөржин залбирах төвөдийн буддистууд ч олон. Уг суваргыг тойрон гороолоход хөлийн улаар хөдөлсөн тоос болгоны тоогоор буян хийдэг гэх. Эгц дээрээсээ мандал хэлбэртэй,

Соёмбунат суварга баруун урагш, дээшээ өгсүүр толгойн орой дээр байна. Буддын шашинтны хувьд заавал очих ёстой газар мөн. Энэ дүүрэгт сүм хийд олон.

Бурхны шашны мөргөл хийх хүмүүст манай Гэгээрлийн хөтөч Будда турын зохион байгуулдаг Непал Энэтхэгийн аялалд явбал илүү зохимжтой. Учир нь шашин мөргөл талаасаа тайлбарлана. Би болохоор соёлын өв талаас нь сонирхон үзсэн төдий.Тэгээд ч миний бурхны шашны талаарх мэдлэг нимгэн тул үүнээс гүнзгий сайхан тайлбарлаж чадахгүй нь уучлаарай. Бидний хөтөч Наваан шашны философиор их сургуульд сурсан, өөрөө багштай, нямба хийдэг хүн учраас ихэд сайхан тайлбарлаж өгөв.

Байгаа сүм хийд суварга шүтээнд мөргөхдөө бус, сэтгэл дотроо өөрөө сайн хүн байхыг хичээх нь чухал гэж сургасныг та бүхэнд уламжилья.

СОЁЛ УЛАМЖЛАЛ

Город Лукла в Непале

Непал яагаад ядуу байна вэ? Хэдий газар хөдлөлтийн тусламж газар газраас цутгасан ч хиндү соёлын нөлөө, авлигаасаа болоод энэ улс өндийсөнгүй. Хүн ам нь Бангладеш, Энэтхэгтэй харьцуулахад бага. Буддын шашны сүм дотроо гял цал, цэвэрхэн гэж жигтэйхэн Гарлаа л бол хог новш, заваан. Замын хөдөлгөөн бол бүү мэд, юу ч болоод байгаа юм.

Хиндү шашны ХОЛИ гэж нэрлэдэг том баяр таарсан тул хөл хөдөлгөөн ч их байлаа. Бие бие рүүгээ будаг цацдаг хаврын баяр. Холика гэх догшин эмэгтэй бурханд хүн гэж танигдахгүйн тулд тэгж будацгаадаг юм байна. Тэр өдөр гэр бүлээрээ сүм хийддээ очоод ном уншуулж, мөргөж залбирч, хоол унд хийгээд бүжиглэн баясацгааж байсан нь сайхан л санагдсан. Мөшгөөд судлаад байвал алмастай холбоотой заншлаас улбаатай юм байна лээ.

Гималайн нуруунд ихэд тарсан аман яриа: Алмас буюу цасны хүн эмэгтэй, иймд алмастай таарвал уулын уруу зугтаадаг. Яагаад гэвэл алмас мөөмөндөө дийлдээд уруу газар гүйж чаддаггүй гэнэ лээ.

Буддын сүмд ороод суухад үнэхээр л бурхны орон гэж ийм байдаг болов уу гэмээр цэвэрхэн, тухтай, нам гүм, өөрийн эрхгүй бишрэл хүндэтгэл төрөхүйц орчин угтана. За тэр бурхан шүтээнээс эхлээд гадна хаалган дээрх төмөр модон сийлбэрийн ур хийц бол ярих юмгүй. Хиндү бурхан шүтээн нь гадаа байх юм. Яг л манайхан шиг баахан өргөл зах замбараагүй өргөнө, цацна. Тэр бүхнийг цэвэрлэдэг эмэгтэйчүүд байна, хүмүүс ч бэлэн мөнгө өгөх юм тэрийг нь кармаалаад л байх юм. Газар нутгийн хувьд бас хэн аль шүтээнээс мөнгө хийх вэ гэдэг хуваарьтай бололтой.

Миний хувьд Алтан оройт сүм болон Гималай орчимд хоёр дахь буддад тооцогддог Бадмасамбуу ринбүүчигийн хөшөө дурсгал цогцолбор ихэд сонирхолтой байлаа. Алтан сүм дотор түмэн бурхан хүрээлнэ гэдэг л болсон. Ногоон дарь эх уншиж таарсан бөгөөд уншлага дуустал нь сууж залбирлаа. Сүм дотор лавтай 10 мянган алтадсан бурхан байна лээ. Балбын дархцуул уртай болохоор төмрөөр бурхан их хийдэг бол Бутаны сүмд танка болон Бурхан багшийн амьдралыг харуулсан ханын зурмал зураг их байдгаараа ялгаатай юм.

Photo

*Бурхан номын газарт зураг авах нь зохимжгүй тул бурхан шүтээний зургийг интернетээс авлаа

Гүрү ринбүүчигийн цогцолбор Холи баяраас болоод хаалттай байсан ч Наваан маань энэ хүмүүс Монголоос мөргөх гэж ирсэн гэж ятгаж чадсаны буянд хүн байхгүй цогцолбор руу орж ямар ч байсан гороолоод сайхан зурагнууд авсан.

ГАЙХМААР АА

Short Everest View Trek | Chisapani Nagarkot Trek - Up To Himalaya

Гималайн 13 уулс нурууны найм, үүнийг дотор ноён оргил Эверест, Катмандугийн хөндийг харах боломж Нагаркот гэх далайн түвшнээс дээш 2000 орчим метрийн өндөрт байх суурингаас олдоно. Эндхийн буудлууд үнэтэй. Гэхдээ тэр үнийг төлсөндөө огт харамсахгүй. Учир нь оройдоо манан будан хучих бөгөөд агаар нь цэвэрхэн. Өглөө эрт тэнгэр цэлмэг бол Эверестийн оргилд нар тусахыг харна. Мөн сайхан нартай өдөр Гималайн нурууны уулчдын сэтгэл зүрхийг татдаг олон оргилыг тольдох төдийгүй гадаах бассейн, жакуззид нь жарган цэнгэх боломжтой юм. Хуримын аяллынхан их очдог юм байна.

Хачин аа

Непал улсад ноолууран ороолт 10 доллар. Ямаа бараг байхгүй энэ улсад яахаараа ноолууран бүтээгдэхүүн ийм хямд байдаг юм гээд судлаад үзсэн Монгол, Хятад (Өмнөд Монгол)-аас түүхий ноолуур авдаг, эртнээс гар урчуул сайн учраас нэгж бүтээгдэхүүний үнэ асар хямд гардаг юм байна. Ноос ноолуурын үйлдвэрлэл хөгжүүлнэ гээд бидний хэд хамаг мөнгө, зээлээ энэ салбарт өгөөд байдаг. Гэтэл эцсийн бүтээгдэхүүн нь тэнгэрийн үнэтэй. Олон улсын зах зээлд түүхий ноолуурын 40% нийлүүлдэг атлаа 30$-с үнэтэй угаалт даадаггүй ороолт үйлдвэрлэнэ гэхээр где ҮР АШИГ? Энэ жил кг ноолуур 150-180 мянган төгрөгний үнэ ханштай байна. Хэдхэн монголчуудаа шулаад байхар ноос ноолуурынхан үйлдвэрээ тийш нь гаргаасай. Ажлын байр асуудал болчихсон буман хүнтэй эдгээр улс оронд очиж бизнес хийгээсэй, дэлхийгээс мөнгө олоосой. Хаа очиж монополь ноолуураас илүүтэй манай ноосныхон их урагштай сайн яваа шүү. Арваадхан жилийн өмнө л ноосон оймс асуудал байсан бол одоо дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадаж байна. Нэгэнт бид том үйлдвэрлэл олон тоогоор хийж чадахгүй юм чинь иймэрхүү ниш зах зээл дээр сайхан ажиллаад байхад ямар ч байсан нэг бүтэн аймгийн эдийн засгийг босгоод л ирнэ дээ.

Дараагийн дугаарт Энэтхэгийн Алтан гурвалжин гэж нэрлэгддэг Дэли-Агра-Жайпур хотын аяллын талаар бичнэ.

Өмнө дугаарууд: Аяллын тэмдэглэл 1-ийг унших бол ЭНД ДАРНА уу.

Аяллын тэмдэглэл 2-ыг унших бол ЭНД ДАРНА уу.

Үргэлжлэл бий...

Altan Alim

Тэмдэглэлийг AltanAlim. Мэргэжлийн аялагч, бөөн дурын орчуулагч

Тэрбээр Утааны эсрэг цогтой тэмцэгч, дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй нэгэн

#applism #BelikeApple #FNR #Үмбүү

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамтай гэрээ байгууллаа
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын яамтай гэрээ байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.