/2024.04.10/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр, ЗГ-ын хуралдаанаар уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй асуудлаар хуулийн төсөл боловсруулж өнөөдөр УИХ-д өргөн барих шийдвэр гарлаа.
Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бэлчээрийн МАА хүнд нөхцөлд орж байгаа нь энэ оны зудын нөхцөл байдлаас тод харагдлаа. Ган, зудын байдал урт жилийн давтамжтай явдаг байсан бол сүүлийн жилүүдэд 2-3 жилийн давтамжтай явдаг болсноороо уламжлалт мал аж ахуйд ихээхэн бэрхшээл болж байна гэж үзсэн. Энэ асуудлаар ЗГ, Ерөнхий сайдын зүгээс үүрэг чиглэл өгсний дагуу хуулийн төсөл боловсруулагдаж орж ирж байна.
Уг хуулийн төсөл нь малчид амжиргаагаа дээшлүүлэх, тогтмол орлогын эх үүсвэртэй болох, монгол малын чанар дээшлэх, тооноос илүү чанарт анхаарах нөхцөл боломжийг бүрдүүлэх үндсэн зорилготой.
Хуулийн төсөл УИХ-аар батлагдсаны дараа МУ-ын ЗГ-ын зүгээс тусгайлсан хөтөлбөрийг боловсруулж, баталж, хэрэгжүүлэх зорилгыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар мал ахуй, газар тариалангийн чиглэл дээр Засгийн газар гурван асуудлыг анхааралдаа аван ажиллаж байна.
- Цас зуданд нэрвэгдсэн байгаа малчид өнгөрсөн цаг хугацаанд авсан зээл, зээлийн төлөлттэй холбоотой асуудал үүссэн байгаа. ЗГ-аас өнгөрсөн гуравдугаар сард малчдын зээлийн эргэн төлөлтийг 1 жил хойшлуулах хүсэлтийг Монголбанкинд тавьж шийдвэрлэсэн. Уг хойшлуулсны дүнд хуримтлагдсан хүүгийн 25-30 хувийг малчид төлнө. Үлдсэн зөрүүг Засгийн газраас төлнө.
- Цас, зуданд малаа 70-аас дээш хувиар хорогдуулсан малчдыг малжуулах ажил хийгдэнэ. Уг төсөлд 5-8 сая төгрөгийг урт хугацаанд хүүгүйгээр зээлж малжуулхаар төлөвлөсөн.
- Өнөөдөр УИХ-д өргөн барих хууль батлагдсанаар Шинэ хоршоо хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрөөр малчидын амжиргааг дээшлүүлэх, малын чанарыг сайжруулах ажлуудыг дэмжинэ.