/2024.04.10/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайд Б.Солонго танилцууллаа.
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хэргийн асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлын хэсгийг байгууллаа.
Ажлын хэсгийн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго миний бие ахлан ажиллана. Ажлын хэсэгт ХЭҮК, ШЕЗ, Амнести интерэшнл олон улсын байгууллага, ЦЕГ, ТЕГ гэсэн байгууллагуудын төлөөлөл орж ажиллана. Ажлын хэсгийн үндсэн зорилго нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хүн амины хэрэгтэй холбогдуулан өмнө нь гурван шатны шүүхээс ял шийтгэл авч байсан Чимгээ болон Содномдаржаа нарын эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахад олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, зөрчигдсөн эрхийг сэргээхтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэнэ.